ГССҮТ-ийн менежерүүд байгууллагын соёл, ёс зүйн сургалтад хамрагдлаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албанаас өнөөдөр байгууллагын дунд шатны менежерүүдэд зориулсан хөдөлмөрийн харилцаа, соёл, ёс зүйн сургалтыг зохион байгууллаа.
“Байгууллагын соёл” сэдэвт энэхүү сургалтыг Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацийн ерөнхий захирал, Ёс зүйн салбар хорооны ТББ-ын төлөөлөл, дэд профессор С.Наранбаатар удирдан явуулсан бөгөөд төвийн тасгийн эрхлэгч, албадын дарга нар хамрагдсан байна.

Тус сургалтаар соёл нь тухайн байгууллагын амжилтын үндэс суурь болдог бөгөөд удирдах, удирдуулах ёсны зарчмыг ягштал баримталж, зөв харилцаа хандлагыг төлөвшүүлж чадвал гүйцэтгэлийн удирдлагын үр дүнг дээшлүүлэх, ажилтнуудын сэтгэл ханамжаар дамжуулан тогтвортой ажлын байр бий болгох чухал зорилтын талаар мэдээлэл, зөвлөмж хүргэсэн юм.
Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахих, эерэг хандлагатай бүтээлч ажилтнуудын хүрээллийг тэлэх, тэднийг соён гэгээрүүлэх, ёс зүйн алдаа дутагдал гаргахаас сэргийлэх, харилцаа хандлагын талаарх мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны тухай сонирхолтой лекц уншиж, санал сэтгэгдлээ солилцлоо.
