
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Нээлттэй засгийн түншлэл, Нээлттэй нийгэм форум, Транспарэнси Интэрнэшнл олон улсын байгууллага, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2025 оны 4 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд “Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улс төрийн намын санхүүжилтийн тайлангийн цахим системийн шаардлагыг тодорхойлох олон улсын туршлага” семинар зохион байгууллаа.
Улс төрийн намын санхүүжилтийн ил тод, нээлттэй байдлыг хангах, олон нийтийн хяналтад оруулах зорилгоор цахим систем нэвтрүүлэхэд олон улсын туршлага судлах, хэрэглэгчид хэрэгцээгээ тодорхойлж, төсөөлөх зорилготой уг семинарт хамтран зохион байгуулагч олон улсын байгууллагуудаас гадна Сонгуулийн тогтолцооны олон улсын сан (IFES), Армени улсын Авлигаас сэргийлэх комисс, Английн Бристолийн Их Сургууль, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх болон улс төрийн намууд, Сангийн яам, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон.
Семинарын эхний өдөр улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдлыг хангах хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал болон олон улсын туршлагыг хэлэлцсэн. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт хийж байгаа Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн алба (АИХЭА)-ы төлөөлөгчид Урьдчилсан зөвлөмжөө танилцуулсан юм.
Улс төрийн намын санхүүжилтийн тайланг цахим системээр авч, дүн шинжилгээ хийн нийтэд мэдээлж байгаа улс орнуудын туршлагын талаарх мэдээлэл солилцсон оролцогчид семинарын хоёр дахь өдөр хэрэглэгчдийн бүлэгт хуваагдаж цахим системийн хэрэгцээг тодорхойллоо.
Санхүүжилтээ тайлагнах улс төрийн намуудын төлөөлөл системд хуульд заасан цаг хугацааг хуваарь болгон оруулах, хувь хүний нууцлал, аюулгүй байдлыг хангах болон хандивлагчийн лавлагаа, мэдээллийг татаж авах, хуульд заасан шаардлага хангасан эсэхийг шалгах шийдэлтэй байх, тайланг олон байгууллага руу явуулдаг байдлыг хялбарчилж төрийн байгууллагуудын уялдааг хангах хэрэгцээг онцолсон.
Системээс мэдээлэл авах хэрэглэгчдийн төлөөлөл болох иргэний нийгмийн байгууллагууд хандивлагчдын мэдээллийг компани, хэр хэмжээний хандивыг хэдэн намд өгсөн, эзэмшигч нь хэн зэрэг олон төрлөөр боловсруулж, ангилсан мэдээлэл харах, тайланг бүлэглэсэн байдлаар болон ерөнхийгөөр татаж авах боломжтой байх шаардлагатайг илэрхийллээ. Мөн төрийн санхүүжилт зарлах, авах, зарцуулах зэрэг бүх үйл явцын мэдээлэл, намуудын хөрөнгө, хандивлагчийн хамаарал бүхий компаниудыг ангилсан байдлаар харах боломжийг бүрдүүлэх хэрэгцээ тодорхойлсон юм.
Семинарт оролцогчид цахим системийн шаардлагыг тодорхойлохдоо хандивлагчийн мэдээллийг оруулахад голчлон саналаа хэлсэн. Тиймээс цахим системийн эхний ээлжийн хөгжүүлэлт хандивт түлхүү анхаарахыг семинар зохион байгуулагчид онцолсон юм. Мөн цахим системийн шаардлага тодорхойлох, ажлын даалгавар бэлтгэх, хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хэрэглэгч болох улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудаас хүслээ.