НийтлэлAVSFМБАНХВидеоОнцлохФото сурвалжлага

“STeP EcoLab II төсөл” Монголын ноос ноолуурын салбарыг тойрог эдийн засгийн загварт шилжихэд дэмжлэг үзүүлнэ



Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй “Монголын текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн 2-р шатны нээлт 2025 оны 4 сарын 2-нд амжилттай зохион байгуулагдлаа. “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид” олон улсын байгууллага, Герман улсын Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны төв (CSCP), Монголын бэлчээр
ашиглагчдын нэгдсэн холбоо, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо (TоC)
хамтран хэрэгжүүлж байгаа уг төслийн хүрээнд Монголын ноос ноолуурын салбарыг
нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засгийн загварт шилжихэд
дэмжлэг үзүүлэх юм.

1 / 7

Нээлтийн арга хэмжээнд Европын Холбооны Төлөөлөгчийн газар, ХХААХҮЯ болон бусад холбогдох яамд, ноос ноолуур боловсруулах бичил, жижиг, дунд үйлдвэр /БЖДҮ/ эрхлэгчид, малчдын хоршоодын төлөөлөл оролцож тогтвортой мал аж ахуй эрхлэх тэргүүн туршлага, MNS 6891-Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлын стандартыг нэвтрүүлсэн байдал, ноолуур боловсруулах салбарт сэргээгдэх эрчим хүч хэрэглэж байгаа сайн туршлага, ногоон санхүүжилтийн боломжуудын талаар ярилцав.

Төслийн нээлтийн үеэр Европын Холбооноос Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ина Марчюлёните “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улс болон Европын холбооны Засгийн газар хооронд Ойн түншлэлийн хамтын ажиллагааны гэрээг баталсан. Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Евродын холбооны санхүүжилтээр байгалийн нөөц баялгийг хамгаалах, ойг нөхөн сэргээх, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалах олон ажлууд хийж байгаагийн нэг нь STeP EcoLab төслийн хоёрдугаар шат юм. Төслийн нэгдүгээр шатанд ноос ноолуурын боловсруулах салбарт MNS 6926 үндэсний стандартыг төслийн баг МННХ хамтран боловсруулж батлуулсан. Мөн “Түүхий эдийг мөшгих цахим тогтолцоо”-нд малчдын хоршоод, зарим үндэсний үйлдвэрлэгчдийг хамруулснаар малчдыг ган зуд, байгалийн гамшигт нөхцлөөс үүдэн малаа алдах, улмаар ажилгүйдэлд өртөхөөс сэргийлж, урт хугацааны туршид уламжлалт мал аж ахуй, өв соёлоо хадгалах, орон нутагтаа байх зэрлэг ан амьтантайгаа эв найрамдалтай хамтдаа орших, малчдын амьжиргааг хадгалж авч үлдэх зэрэгт төвлөрөх нь бидний хамгийн чухал зорилт” хэмээн онцоллоо.

2 / 12

Ина Марчюлёните: Залуу малчид түүхий эдээс нэмүү өртөг үүсгэхэд гар бие оролцож байгаа нь үнэхээр таашаалтай байна

/Европын Холбооноос Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд/

Хөдөө малчидтай уулзах үеэр жилийн дөрвөн улирлын турш нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болдог малын гаралтай түүхий эд нь маш сайхан ноолууран бүтээгдэхүүн болж, дэлхийн өнцөг булан бүрт хүрч, мөшгөх тогтолцооны QR код уншуулснаар олон улсын зах зээл дээр танигддаг болсонд үнэхээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. Тиймээс малчид маань түүхий эд чанартай байх ёстой гэдгийг мэддэг, мэдлэгтэй байгаа нь харагдсан. Малчдын хоршоод хаягдалгүй буюу тойрог эдийн засаг болон ноос ноолуурын нэмүү өртгийн сүлжээнээс нэг ширхэг ч юм хаягдах ёсгүй гэдгийг ойлгож, боловсруулалтаас гарсан дайвар бүтээгдэхүүнээрээ эсгий эдлэл хийх зэрэг жижиг төслүүдийн санаачилгууд гаргаж байна.

Залуу малчид түүхий эдээс нэмүү өртөг үүсгэхэд гар бие оролцож байгаа нь үнэхээр таашаалтай байсан. Жишээ нь, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын залуу эмэгтэй малчид ноолуурын хаягдлаараа гар сүлжмэлийн утас ээрч, хүүхдийн бойтог хийсэн нь үндэсний брэнд болон хөгжиж байгааг харлаа. Энэхүү тойрог эдийн засгийн аргаар малаас гарч байгаа бүх дайвар бүтээгдэхүүнээ дахин ашиглах санал санаачилгууд нь малынхаа тоог тодорхой хэмжээгээр бууруулах, малаа чанаржуулах, эрүүл байлгах, малын тавлаг байдлыг хангах, малчдын орлогыг бууруулахгүй байхад түлхэц өгсөн их сайн ажлууд болсон гэж бодож байна. Хөдөөгийн малчин эмэгтэйчүүд малын гаралтай түүхий эдээ бүрэн дүүрэн ашиглах зорилгоор жижиг бага оврын төхөөрөмж хэрэгтэй байна. Бид сүүгээ боловсруулж, ямааны өөхөө саван болгомоор байна гэсэн санаачилгууд гаргаж байгаа нь бүтээлч сэтгэлгээ, хаягдалгүй эдийн засгийг хөгжүүлэх загвар луу явж байгаагийн илрэл.

Аймгуудын Засаг дарга нартай уулзахад малын тооноос илүү чанар чухал гэдгийг бүгдээрээ ойлгочихсон байна. Махны нэмүү өртгийн сүлжээний талаарх хандлага нь өөрчлөгдсөн байна. Өмнө нь монголчууд малаа илүү удаан хугацаанд өсгөдөг, өндөр настай малаа нядалгаанд оруулдаг уламжлалтай байсан бол одоо малыг заавал урт хугацаанд хадгалах нь эдийн засгийн үр ашигтай юу, үгүй юу гэдэгтээ эргэн харж тооцоолол бодож эхэлсэн эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Тиймээс малынхаа тоо толгойг шууд их хэмжээгээр бууруулахгүй ч тогтвортой байдалтайгаар буюу малаа зудад алдахгүй байх хэмжээний тоо хэмжээнд барих, малаа чанаржуулах эрүүлжүүлэх, малаас гарч байгаа түүхий эдийг ямар нэгэн хаягдал гарахгүйгээр ашиглах, тэрүүгээрээ малчдын нэмэлт орлогыг төрөлжүүлэх нь чухал. Тэгж байж бид малаас гарч байгаа хүлэмжийн хийн ялгаралыг бууруулна.

Европын холбооны хэрэглэгчид, Италийн “Max Mara” зэрэг том компаниуд Монголын ноолуурыг худалдаж авах сонирхолтой, монголын ноолуурын чанарыг сайн гэж үздэг. Монголын үндэсний үйлдвэрлэгчид үнэхээр өндөр чанартай, сайхан загвартай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж чадаж байна. Гэхдээ цаашид тогтвортой байдлыг яаж хөгжүүлэх вэ? Хэрхэн нөөцөө бүрэн дүүрэн ашиглах вэ? Хүртээмжээ яаж өсгөх вэ? 1кг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зардлаа яаж хэмнэлттэй байлгах вэ? Яаж хаягдалгүй үйлдвэрлэлийг явуулах вэ гэдэгт үргэлжлүүлэн суралцах шаардлагатай байна.

У. Сарангоо: Төслийн 2-р шатны үр дүнд Монголын ноос ноолуурын салбар олон улсын ногоон нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэх боломжтой болно

/“Монголын текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг-2” төслийн менежер/

Монгол улс 300 мянган малчин өрхтэй, маш өргөн уудам нутагтаа тархай бутархай байгаа нь мал аж ахуйн салбарын хөгжилд нөлөөлдөг. Ялангуяа олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд цаг хугацаа их шаарддаг. Мэдээж орон зайтай холбоотой бэрхшээл үүснэ. Дээрээс нь малчид өөрсдөө ч маш сайн ойлгож байгаа. Ойр ойрхон тохиолдож байгаа ган зуд, байгалийн гамшигт үзэгдэл нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой.

Дэлхий +1,5 хэмийн өөрчлөлттэй байхад Монгол Улсад +2 хэм байна. Тиймээс зөвхөн малын гаралтай түүхий эдээс хамааралтай эдийн засагтай монголын малчид маань орлогоо бодоод малынхаа тоог өсгөхөөс өөр арга байхгүй. Буцаагаад бууруулъя гэвэл яг яах вэ гэдэг арга замаа олохгүй байгаа нь хүндрэл үүсгэдэг. Тэгвэл манай төсөл тогтвортой мал аж ахуй эрхлэх гэрчилгээжүүлэлтийн схемээр дамжуулаад малын гаралтай мах, сүү, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийг илүү үнэ цэнэтэй болгох, зах зээлд өндөр үнээр борлуулах боломжийг бий болгох юм. Ингэснээр орлого нь тэнцвэртэй, цөөн тооны малаас ижил хэмжээний орлого олох боломжтой байж энэ зорилт нь биелэх концепцийг баримтлана. Үндэсний үйлдвэрүүдийн хувьд Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албанаас “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл MNS 6926” стандартын дагуу шаардлага хангаж байгааг нь баталгаажуулаад, гэрчилгээжүүлэлт өгөх үндэсний схемд холбогдчихсон явж байгаа. Гадаадад сурталчлан таниулах энэхүү тогтвортой гэрчилгээжүүлэлтийн схемүүд нь хөндлөнгийн хараат бус байгууллагуудаар шударга хянагдаад явагддаг.

Хамгийн гол нь үйлдвэрүүд маань тогтвортой байдлыг хэрэгжүүлж байгаа гэдгээ баталгаажуулах, байгаль орчинд үлдээж буй ул мөр нь жил болгон сайжирч эерэг болж байна гэдгээ батлан харуулах ажлуудыг хийх шаардлагатай. Тиймээс STeP EcoLab төслийн 1-р шатанд таниулах, сурталчлах, нутагшуулж эхлэх байсан бол 2-р шатанд ололт амжилтаа бататгах, олон улсад таниулан сурталчлах ажлыг хийхдээ дандаа тоон дататай харуулна. Зүгээр нэг ярихгүй. Жишээлбэл, Ханбогд Кашмер компанийн хүлэмжийн хий нь өнгөрсөн жил тэд байсан бол энэ жил ийм болж буурсан. Эсвэл өөр нэг үйлдвэр дээр хог хаягдлын хэмжээ тэдэн хувиар буурсан. Малчдын хоршоодын хувьд мал нь тэд байсан бол энэ жил тогтвортой тэд байна зэрэг тоон датагаар танилцуулахыг хүсэж байна. Нэмүү өртөгийн сүлжээнд мөшгөгдөхүйц байх, нээлттэй байх, ил тод байхыг олон улсын хэрэглэгчид хүсээд байгаа тул яг тэр зорилтод хүрэхэд илүү төвлөрч ажиллана.

2025 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн SТeР EcoLab төслийн 2-р шат нь Монголын ноос ноолуурын салбар олон улсын ногоон нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэх боломжтой болж, тогтвортой үйлдвэрлэлийн шинэ үеийг эхлүүлэх юм.

Манон Леларж: Монголын малчид уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа хамгийн эмзэг хэсэг

/“Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид ” БНФУ-ын ТББ-ийн Монгол дахь захирал/

Манай ТББ дэлхийн өнцөг булан бүрт малчид болон фермерүүдийг дэмжиж ажилладаг. Бид 20-иод жилийн турш Монголд үйл ажиллагаа явуулж байна. Анх Монголд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ малын эрүүл мэндийн төслөөр орж ирж байсан бол яваандаа малчдын орлогыг тогтвортой байлгахын тулд ширхэгтийн буюу ноолуур, ноосны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Текстилийн буюу хувцас үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээ гээд ярихаар дан ганц малчдын асуудал яригдахгүй. Хувцас, бүтээгдэхүүнийг урлаж байгаа үйлдвэрлэгчдийн асуудал ч яригддаг.

Бид SТeР EcoLab төслийн тэргүүлэгч байгууллагаар ажиллаж байгаа. Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Step EcoLab төслийн 1, 2 дугаар шат бол маш чухал. Төслийн санхүүжилт бидэнд ноолуурын нэмүү өртгийн сүлжээний бүх хэсэгтэй ажиллах боломжийг олгож байгаа. Бид малчдын хоршоодыг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгтэй болгох, чадавхжуулах ажлуудыг хийхээс гадна олон улсын зах зээл дээр яаж чанартай бүтээгдэхүүн гаргах вэ гэдэгт чиглэсэн ажлууд хийж байна. Түүхий эдийн чанар олон улсын зах зээлд зарагдаж байгаа бүтээгдэхүүний чанартай хэрхэн яаж уялдах вэ? Эдгээр асуудлуудаас үүдэн малын үржил селекци, эрүүл мэндийн асуудлыг яаж уялдуулах вэ гэдэг чиглэлд малчидтай хамтарч ажиллаж байгаа нь бидэнд маш том давуу тал болж байна.

Монголын малчид уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа хамгийн эмзэг хэсэг гэж үзэж байгаа. Харамсалтай нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож хариу арга хэмжээ авахаас нь илүү хурдан явагдаж, үүнд бэлэн байх цаг хугацаа өгөхгүй байна. Тиймээс бид энэ чиглэлд илүү төвлөрч, малчдыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дасан зохицох,хариу арга хэмжээг хурдан авдаг болгохын тулд тулд мал аж ахуйгаа яаж тогтвортой байлгах юм, малаа яаж эрүүл байлгах юм, яаж нэмүү өртгийн сүлжээгээ бүрэн дүүрэн ашиглах вэ гэдэгт анхаарал хандуулж, төсөл хөтөлбөрөөрөө дамжуулан малчидтай хамтран ажиллана.

М.Дондогдорж: “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, ноос ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд тогтвортой үйлдвэрлэлийн асуудал маш чухал

/ХХААХҮЯ-ын хөнгөн аж үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний гол зорилт нь ноос, ноолуурын гүн боловсруулалтын түвшнийг хоёр дахин нэмэгдүүлэх байгаа. Энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлж, ноос ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд StepEcoLab -2 төслийн хувь нэмэр чухал. Өөрөөр хэлбэл, тогтвортой ногоон үйлдвэрлэлийн дамжлагаар боловсруулсан, гарал үүсэл нь тодорхой, мөшгөх тогтолцоотой бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нэвтрүүлэхэд төслийн үйл ажиллагаа чиглэгдэнэ гэж харж байгаа.

1-р шатанд энэ чиглэлийн үйл ажиллагаанууд амжилттай хэрэгжиж, MNS 6926 Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн стандартын шаардлага хангаж гэрчилгээжсэн үйлдвэрүүдэд өнөөдөр арилжааны банкууд ногоон зээлээ олгож байна. Төслийн 2-р шатанд олон улсын стандартуудыг ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдэд нэвтрүүлэхэд хамтарч ажиллана. Мөн түүнчлэн үндэсний тогтвортой байдлын стандартыг илүү олон малчдын хоршоод, боловсруулах үйлдвэрүүдэд нэвтрүүлнэ гэж төлөвлөж байгаа. Ингэснээр олон улсад стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ нийлүүлж, гадаад зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, зах зээлээ өргөжүүлэхэд ихээхэн дэмжлэг болно.

Д.Бурмаа: Гурван жилийн дараа 18 хоршоо малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй борлуулдаг зах зээлтэй болсон байна

/Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал/

SТeР EcoLab төслийн хоёрдугаар шатанд манай холбоо Архангай, Өвөрхангай аймгаас тус бүр гурван сум, Баянхонгор аймгийн хуучин сумдуудаа оролцуулан “Хариуцлагатай нүүдэлчин- Бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандарт”-ыг нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана. Бид өмнө нь зөвхөн бэлчээрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо малын эрүүл мэнд, үржил, ноолуурын чанарыг сайжруулахын тулд үржлийн цөм сүрэг бий болгох, малын тавлаг байдлыг хангахын тулд байр саравчны асуудлыг шийдвэрлэх зэргээр нэлээн даацтай ажлуудыг хийнэ. Мөн үндэсний үйлдвэрүүдийг олон улсын худалдан авагчтай холбох ажлыг хийнэ.

Одоогоор манай дээр 20 гаруй үйлдвэр, 30 гаруй хоршоод энэ ажлын хүрээнд оролцоод явж байна. Энэ дөрөвдүгээр сарын 17-нд оролцогч талуудын Түншлэлийн гэрээ байгуулах уулзалтыг хийнэ. Стандарт гээд ганцхан ноолуур яриад байгаа юм шиг боловч малын гаралтай бусад бүтээгдэхүүнүүд дээр ч ажиллаж байна. Тиймээс малчид ганцхан ноолуур гэхгүй малын гаралтай бүхий л түүхий эд, бүтээгдэхүүнээ илүү өндөр үнээр борлуулах боломж олгох ажлуудыг энэ төслийг хэрэгжүүлэх хугацаанд нэлээн өргөн хүрээтэй хийнэ. Гурван жилийн дараа төсөл дуусахад 18 хоршоо төсөлгүйгээр малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй борлуулдаг зах зээлтэй болж, бэлчээр нь нэлээн соргог болоод үлдэх юм.

Ч.Ганцэцэг: Ногоон үйлдвэрлэл эрхлэгч болох зорилтоо цаашид улам бататгаж ажиллана

/Ханбогд Кашимер ХХК-ийн Ерөнхий захирал/

Ханбогд Кашмерийн хувьд ногоон үйлдвэрлэл эрхлэгч болох нь бидний номер нэг зорилт байсан. Энэ зорилтоо цаашид улам бататгаж ажиллана. Бид Европын хамгийн том, топ 5 брэндэд самнасан ноолуур болон шилмэл бүтээгдэхүүнээ экспортолдог. Тэдгээр брэндүүдийн бидэнд тавьж байгаа ганц шаардлага бол тогтвортой ногоон үйлдвэрлэл. Сүүлийн үед хүлэмжийн хийг бууруулах, малчдыг хариуцлагатай болгох гэсэн олон шаардлагуудыг тавьдаг болсон тул тэр чиглэлд бид илүү анхаарч ажиллаж байна. SТeР EcoLab төслийн зорилтууд ч үүнтэй маш их уялдаж байна. Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөртэй ч бас уялдаж, цогцоороо энэ шийдлүүдийг оруулж байгаа. Тэгэхээр бид Европ руу маш их экспорт хийдэг ААН-ийн хувьд ногоон үйлдвэрлэл эрхлэхийн тулд малчдыгаа хариуцлагатай болгох, хүлэмжийн хийг бууруулахад анхаарч жил болгоны төлөвлөгөөг гаргаж яваа.

Тогтвортой үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө илүү сайжруулахдаа анхаарч гадаад дотоодын төслүүдтэй хамтран ажиллаж, илүү их суралцаж байна. Гаднын брэндүүд маань манай компанид Францаас аудит оруулдаг. Аудит орсноор бидний үйл ажиллагаа илүү сайжирч, мэдэхгүй зүйлүүдийг мэдэж авдаг. Үл тохирол гарвал тухайн жилдээ залруулдаг системтэй болчихсон. Тэгэхээр бидний дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхах цаг нь эхэлчихсэн байна. Тиймээс манай компани ногоон үйлдвэрлэл чиглэл дээр улам их хичээж, нийт үйлдвэрлэлийнхээ 40 хувийг сэргээгдэх эрчим хүчээс авч байгаа. 30 хувиас дээш бол ногоон үйлдвэрлэлд тооцогддог тул бид энэ стандартаа хангачихсан. Гэхдээ стандартаа хангачихсан гээд зогсож болохгүй, хийх ажлууд их байгаа.

Малчдыг хариуцлагатай болгох болон хүлэмжийн хийг бууруулахын тулд жил болгон мод тарих ажлыг хийж байна. Тарьсан модоо арчлах, тоог нь нэмэгдүүлэх зорилттой явж байгаа. Тэр утгаараа хүн болгон мод тарихыг уриалж байна. Бэлчээрийн тухайд даац нь хэтэрч байна гэдэг дан ганц малчдын асуудал биш. Монгол Улсын иргэн бүр мод тарьж, хариуцлагатай байх хэрэгтэй. Ногоон үйлдвэрлэл эрхлэхэд хүн болгоны оролцоо хэрэгтэй. Зөвхөн үйлдвэрлэл явуулж байгаа ААН-ийн ажилчид биш, малчид болон бусад бүх хүмүүсийн оролцоотой ногоон үйлдвэрлэл бий болж, ногоон орчныг бүтээж, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм. Тиймээс бид нөлөөллийн ажлыг илүү сайн хийе гэж бодож байгаа. Манай компани гэхэд усаа дахин ашиглахын тулд цэвэрлэх байгууламж тавьчихсан, түүнийгээ мод тарихдаа ашиглах болон бусад чиглэлээр ашиглах боломжуудыг үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөөд явж байна.

Б.Энхтайван: SТeР EcoLab төсөл манай хоршоотой ногоон гэрчилгээжүүлэлт тал дээр хамтарч ажилладаг

/Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын”Өгөөж Баян Өлзийт гол” хоршооны дарга/

Манай анхан шатны хоршоо түүхий эдээ бэлтгэж, боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Түүхий эд цуглуулах тал дээр асуудалгүй, манай хоршооны гишүүд зохион байгуулалтад орчихсон учраас өөрсдөө сумын төв дээрээ авчраад өгчихдөг. Харин түүхий эдээ хот руу тээвэрлэхэд тээврийн зардал зэрэгт нэлээн асуудал гардаг. SТeР EcoLab төсөл манай хоршоотой хамтарч, Монгол Улсын хэмжээний болон олон улсын хэмжээны ногоон гэрчилгээжүүлэлт тал дээр хамтарч ажилладаг. Энэ хүрээнд бэлчээрийн даацыг сайжруулах чиглэлд илүү анхаарч ажиллаж байгаа.

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг ноос, ноолуурын салбар нь 10,000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 195 мянган /ҮСХ/ малчин өрхийн амьжиргааг шууд дэмждэг. Тиймээс Монголын текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төслийн 2-р шатны (STeP EcoLab II) хүрээнд БЖДҮ-ийг тогтвортой гэрчилгээжсэн түүхий эд бэлтгэлд татан оролцуулах, үндэсний тогтвортой эко гэрчилгээжүүлэлтийн үнэ цэнийг өсгөх, ноос ноолуур боловсруулах салбарт тойрог бизнесийн загварыг турших, үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулах замаар нөөцийн хэмнэлттэй, хаягдалгүй үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, салбарын дизайнер, зохион бүтээгч инженерүүдэд хувцас урлан бүтээх эко дизайн гэдэг ойлголтыг түгээн дэлгэрүүлж, ноос ноолуурын үйлдвэрийн анхдагч үе шат болох загвар зохион бүтээх явцаас эхлэн байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй урлан бүтээх аргуудыг нэвтрүүлэх зэрэг олон ажлуудыг нэвтрүүлнэ. 2028 он хүртэл үргэлжлэх энэхүү төсөл нь Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг болон Улаанбаатар хотод хэрэгжиж, 180 хоршоо, 8,000 малчин өрх, 90 гаруй БЖДҮ, 40 гаран банк санхүүгийн байгууллага, бодлого боловсруулагчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагуудыг хамруулан ажиллахаар төлөвлөж байна.

STeP EcoLab II төслийн хүрээнд хамтрагч байгууллагууд, зорилтот бүлгүүд болон гол оролцогч талуудын оролцоог ханган дараах 4 үр дүнд хүрэхээр зорьж ажиллана.

Үр дүн 1

Өндөр чадавх бүхий малчдын хоршоодын тогтвортой мал аж ахуй эрхлэх явцыг олон улсын шаардлагад нийцсэн гэрчилгээжүүлэлтийн схемд хамруулахад дэмжлэг үзүүлнэ.

Үр дүн 2

Монголын текстилийн БЖДҮ-үүд ТХҮ-ийн туршлагаа бататган, дэлхийн зах зээлд байр сууриа бэхжүүлж, малчдын хоршоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.

Үр дүн 3

Текстилийн салбарын БЖДҮ-үүд болон малчдын хоршоод өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ногоон санхүүжилтийн хэрэгслийг ашиглах боломжийг нээнэ.

Үр дүн 4

Бодлого боловсруулагчид Монголын текстилийн салбарын ТХҮ-ийг дэмжсэн журам, зохицуулалтыг бий болгоход дэмжлэг үзүүлж, олон улсын хэрэглэгчдийн Монголын тогтвортой ноолуурын талаарх ойлголтыг нэмэгдүүлнэ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version