Багахангай-Хөшгийн хөндий чиглэлд төмөр зам барих төсөлд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулав

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан үндэсний төмөр замын тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх зорилтын хүрээнд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг богино хугацаанд бүрдүүлэх зорилгоор “Монголын Төмөр Зам” ТӨХК нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах санамж бичгийг (2025.04.04) байгууллаа.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтад оруулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК компани хариуцан хийх юм.
Байршлын хувьд, энэхүү шинээр баригдах салбар төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл нийт 102 км урт дан замтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөж буй юм. Барилгын ажлыг 2025 оны 04 дүгээр сарын сүүлчээр эхлүүлж, наймдугаар сардаа багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэ төслийн захиалагч нь Зам тээврийн яам бөгөөд зохион байгуулагч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байх юм.
Энэхүү бүтээн байгуулалтын ажилд Монгол Улсын 110 орчим ААН, байгууллагын 2500 гаруй ажилтнууд хичээл зүтгэл нэгтэй оролцож, төмөр замын барилгын ажлыг богино хугацаанд хариуцлагатай чанартай барьж байгуулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК компани хариуцан гүйцэтгэх юм.

Эх сурвалж: ЗТЯ