“Бизнест ээлтэй Монгол” санаачилгын хүрээнд цуцлагдсан 50 журам

Монгол Улсад бизнес эрхлэх, бүтээн байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл авахын тулд шат дамжлага, шаардлагагүй бичиг цаас, төрийн хаалга сахих явдалтай олон жил тулгарч ирлээ. Энэ бүхнийг цэгцлэхээр “Бизнест ээлтэй Монгол” санаачилгын хүрээнд хууль давсан 50 журмыг цуцаллаа. Тухайлбал:
- 28 журам – Эрүүл мэнд, боловсрол, барилга, байгаль орчин, хүнс, санхүү зэрэг салбаруудад
- 17 журам – Харилцаа холбоо, эрчим хүчний зохицуулалтын хүрээнд
- 4 журам – Газрын салбарт
- 1 журам – Нийслэлийн хүрээнд
Журмууд цуцлагдсанаар, өмнө нь барилгын салбарт зөвшөөрөл олголт хийхийн тулд “магадлал, дүгнэлт, гэрчилгээ” гэх нэртэй 4-5 төрлийн бичиг бүрдүүлж, 2-3 сарын дараа шийдвэр гардаг байсан бол одоо барилгын зөвшөөрлийг журмаар бус хуульд нийцүүлж цахимаар тодорхой хугацаанд авах нөхцөл бүрдэв.
Нийтийн хоолны газар, хүнсний дэлгүүр нээх зэрэг бизнес эхлүүлэхэд өмнө нь иргэн, бизнес эрхлэгчид журамд заасан бичиг баримтыг цуглуулж, аль нэг мэргэжилтэн, дарга нарын үүд сахиж ажлаа эхлүүлэхээсээ маш их хугацаа алддаг байсан. Харин одоо “ХУР” системээс авах боломжтой мэдээллийг иргэнээс шаардахгүй, төр өөрийнхөө мэдээллээ өөрөө бүрдүүлдэг болов. Иргэн аж ахуйн нэгжүүд уг системээр мэдэгдээд үйл ажиллагаагаа эхлэх нөхцөл бүрдсэн.
Зөвшөөрлийн бичиг баримт авахын тул холбогдох яам, тамгын газар, хэлтсийн мэргэжилтэн, даргын гарын үсэг авах гэж төрийн байгууллагын үүдийг хэдэн сар, жилээр сахидаг байсан бол одоо заавал дарга, мэргэжилтний гарын үсэг авах шаардлагагүй, цахимаар хүсэлтээ илгээж, зөвшөөрлөө авах боломж бүрдсэн.
Хууль давсан 50 журмыг цуцалсаны гол үр дүнг нэгтгэвэл
- Зөвшөөрөл хүссэн иргэнээс баримт шаардах биш, төр мэдээллээ өөрөө бүрдүүлдэг тогтолцоонд шилжив.
- Хүнд суртлын олон шат дамжлагыг халж, зөвшөөрлийг цахимаар олгох нөхцөл бүрдэв.
- Журмаар иргэдийн боломжийг хаадаг биш, хуулийн хүрээнд боломжийг нээдэг болов.