ХЭҮКFocus

Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн үйл ажиллагааны талаарх өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн  “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн үйл ажиллагааны  өнөөгийн  нөхцөл байдал” бүлгийг Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Хууль зүйн туслалцааны төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл, мэдээллийн зөвлөл болон Хэвлэлийн хүрээлэн, “Оюу Толгой Хяналт” ТББ-ын төлөөлөлд танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.03.14/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн арга хэмжээг ХЭҮК-ын гишүүн С.Дондов нээж хэлсэн үгэндээ Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.5 дахь заалтад хүний эрхийн хамгаалагчийн нөхцөл байдалд жил бүр судалгаа хийж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгахаар заасныг дурдав. Мөн энэхүү хэлэлцүүлэгт өмгөөлөгч, сэтгүүлч зэрэг хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагаандаа удирдлага болгож буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, судалгаанаас асууж тодруулах, нэмж сайжруулах санал бодлоо чөлөөтэй хуваалцахыг оролцохыг хүслээ.

Өмгөөлөгч, сэтгүүлч хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдалд хийсэн судалгааны талаар хуульч, судлаач Р.Очирбал, “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-ын ахлах судлаач Г.Доржтүвдэн, Өмгөөлөгч, сэтгүүлч хүний эрх хамгаалагчдын шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны шийдвэрт хийсэн дүн шинжилгээ сэдвээр  хуульч, өмгөөлөгч Б.Энхцэцэг, илтгэлийн ерөнхий агуулга болон дүгнэлт, саналыг Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал нар танилцуулж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.

1 / 11

Хэлэлцүүлэгт оролцсон  хуульч, өмгөөлөгчид,  сэтгүүлчдийн саналыг тоймлон үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч прокурор, өмгөөлөгчдийн тэгш эрхийн баталгааг хуулиар бодитой хангах, сэтгүүлчдийн үйл ажиллагааны баталгаа болсон хэвлэл мэдээллийн тухай хуулийг яаралтай шинэчлэн батлах зэрэг байв.  Оролцогчдын саналыг нэгтгэн 24 дэх илтгэлийн бүлэгт тусгана.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version