Засгийн газарХАА-н салбарНийтлэлВидеоОнцлох

“Шанддов” ХХК-д “Улсын аварга тариаланч хамт олон” шагналыг гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Шанддов” ХХК-д “Улсын аварга тариаланч хамт олон”-ы шагналыг /2025.02.25/ гардууллаа.

1 / 6

Шинжлэх ухаанд үндэслэн тарьж ургуулж байгаа хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүн бүртээ нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголын органик хүнсээр дэлхийн тавцанд өрсөлдөх эрхэм зорилготой ажилладаг тус компани дэргэдээ газар зохион байгуулалт, агрономи, биотехнологи, үр тариа, селекц, мал аж ахуйн шилдэг эрдэмтэн, судлаачид бүхий Эрдмийн зөвлөлийн баг ажиллуулдаг нь Монголын газар тариаланд шинээр нэвтрүүлж байгаа шинэ зүйлсийнх нь нэг юм.

Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Улаанбаатар хот, Баянхонгор аймгийн Баян-Овоо гэсэн үндсэн гурван байршилд нийт 850 га эргэлтийн талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо, мах, сүүний үйлдвэрлэл, тэжээлийн үйлдвэр, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр, үрсэлгээ бойжуулах төв, компост бордоо, ухаалаг зоорь, мод үржүүлэг, мал аж ахуй, хөдөө аж ахуйн технологи дамжуулах төв, дэлхийн жишигт хүрсэн мал эмнэлэг зэрэг 11 чиглэлд ухаалаг хөдөө аж ахуйг цогцлоохоор ажиллаж байгаа аж.

2 / 13

Хүнсний ногооны үрийг 100 хувь соёолуулж, технологийн шаардлага хангасан, стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд үрийг мөхлөгжүүлэх буюу гадна талаар нь нэмэлт бүтээгдэхүүнээр бүрж, үрийг ургамал хоорондын тарих стандартаар нь дамартай утсанд ороож тарихад бэлтгэдэг байна. Бэлтгэсэн үрээ хөрс сийрүүлэх, далан босгох, нэвчих усалгааны систем байршуулах, дамартай үрээ суулгах, бордоо шүрших таван үйлдлийг тариалалтын үед нэгэн зэрэг хийдэг автомат техникээр тариалдаг нь Монголдоо цоо шинэ технологи гэдгийг тус компанийхан онцолж байлаа.

Үйлдвэрлэлийнхээ бүхий л үй шатанд бүрэн автомат орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, хөдөлмөр хөнгөвчилж, хүний оролцоо бага байлгахад анхаарч ажилладаг нь тус компанийн онцлог, давуу тал ажээ. 2023 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд хамгийн өндөр төмсний ургац авсан тус компани газар тариалангийн чиглэлд улаан буудай, шар буурцаг, тэжээлийн болон зургаан төрлийн хүнсний эрдэнэшиш, вандуй, гурвалжин будаа зэргийг тариалж байна.

3 / 7

Газар тариалангийн түүхий эдээрээ эрдэнэшишийн дарш болон арвай, овьёос, вандуйтай ногоон тэжээл, өсвөр үхэр, саалийн үнээ, адуу, хурдан удмын адуу, үхэр, хонины таван төрлийн тэжээлийг массаар үйлдвэрлэж эхэлжээ. Мөн гурвалжин будаагаараа талх, гурил хийдэг бол шар буурцгийн сүү, дүпүний үйлдвэр ч бий болгожээ.

Өөр нэгэн инновац нь өвлийн -35-40 хэмийн хүйтэнд шөндөө -3 градусын дулаантай байх, эдийн засгийн үр ашигтай нарлаг хүлэмжийн аж ахуй байгуулж, Солонгос үрээр гүзээлзгэнэ тариалахаар зэхжээ.

Дэлхийн хамгийн чинээлэг давхаргын 10 хувьд зориулан Монголын хөдөө аж ахуйн баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох нь “Баатар ван групп” болон “Шанддов” компанийн Ерөнхий захирал И.Баатарзоригт гуайн эрхэм зорилго, мөрөөдөл бөгөөд түүндээ хүрэхийн тулд тус компанийхан ухаалаг газар тариаланг хөгжүүлэхээр уйгагүй хөдөлмөрлөж, хамтдаа зориод байгаа гэдгийг тэд онцолж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version