Чингис хаан Үндэсний музейн туршлагаас суралцана

Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей, Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, спортын яамны Соёлын хорооны улсын төсөвт байгууллага болох БНКазУ-ын Үндэсний музей хооронд хамтран ажиллахаар тогтов.
Музей хооронд хамтын ажиллагаагаа сайжруулах, соёлын өвийг хадгалах,судлах, түгээн дэлгэрүүлэх шинжлэх ухааны болон соёлын харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор харилцан мэргэжилтэнүүдээ туршлага солилцох, ном хэвлэл, бүтээл хэвлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэгт хоёр тал тохирч, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, БНКазУ-ын Үндэсний музейн захирал Берик Абдыгалиулы “Санамж бичиг” (2025.02.24)-т гарын үсэг үзэглэлээ.
БНКазУ-ын Үндэсний музейн зүгээс Алтан Ордны улсын өв соёлыг судлах, сурталчлахад сүүлийн жилүүдэд эрчимтэй анхаарч эхэлснээр өнгөрсөн жил Казахстан улсад Алтан Ордны улсын 800 жилийн ойг тэмдэглэж, Зүчи хаан цогцолборыг байгуулсан гэдгийг хэллээ.
Санамж бичгийн хүрээнд цаашид Чингис хаан Үндэсний музейн туршлагаас суралцах, Зүчи хаан, түүний залгамжлагчид болон Алтан Ордны улсын түүхэн өвийг судлах хамтарсан судалгааны ажил, хурал, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Чингис хаан Үндэсний музейн зүгээс ч мөн адил Чингис хааны угсааны хаад язгууртны өв түүх, Зүчи хаан, Бат хаан, бусад хаад язгууртны түүхэн өв, түүнчлэн XVII-XVIII зууны үеийн түүхийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх сонирхолтой буйгаа тэмдэглэв.
Дашрамд мэдээлэхэд, БНКазУ-ын Үндэсний музей нь Астана хотын төв талбайдаа байрладаг бөгөөд, улсынхаа хамгийн том, хамгийн залуу музей, барилга нь 74 мянган кв.м, долоон блок, үзэсгэлэнгийн 18 танхимтай аж.