Байгаль орчин

Хог хаягдлын менежментийн сайн туршлагуудыг нутагшуулахыг уриаллаа

Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх “Зөвлөлдөх уулзалт-2025” өнөөдөр боллоо. Цахим уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, яамны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга, албан хаагчид, аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга , Байгаль орчны газрын дарга нар оролцлоо.

Зөвлөлдөх уулзалтыг сайд С.Одонтуяа нээж хэлсэн үгэндээ “Бидний өмнө тулгамдаж буй хог хаягдлын асуудал бол зөвхөн нэг яам, нэг аймаг, нэг байгууллагын шийдэх зүйл биш. Энэ бол бид бүгдийн, нийгмийн бүх хэсгийн хамтын оролцоог шаардсан томоохон сорилт юм.

Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт, суурьшлын бүсүүдийн өргөжилт, хэрэглээний өөрчлөлтөөс үүдэн хог хаягдлын хэмжээ нэмэгдсээр байна. Гэвч бид энэ асуудлыг зохицуулахдаа хангалттай үр дүнд хүрч чадсангүй.

Өнөөдөр аймгуудын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг харилцан адилгүй тогтоож байгааг бид харж байна. Зарим аймаг энэ тал дээр ахиц гаргасан бол, зарим нь илүү бодитой, зоригтой алхмууд хийх шаардлагатай байна. Тиймээс бид орон нутагтайгаа хамтран нэгдсэн бодлого баримталж, реформын шинжтэй томоохон шийдлүүдийг гаргахад анхаарч ажиллах ёстой. Энэ асуудлыг шийдэхийн тулд бид дараах чиглэлүүдэд онцгой анхаарах хэрэгтэй байна.

  • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх – Томоохон үйлдвэрлэгчид, импортлогч болон дахин боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран ажиллах уялдаа холбоог хангаж, бодлогын дэмжлэг үзүүлэх.
  • Аймгуудын хог хаягдлын менежментийг сайжруулах – Менежментийг хувийн хэвшлийн оролцоотой гүйцэтгэх, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх.
  • Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх – Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, үйлчилгээний хураамж төлөх соёлыг төлөвшүүлэх.
  • Дахин боловсруулах салбарт дэмжлэг үзүүлэх – Аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд өрсөлдөхүйц болгох.
  • Хог хаягдлыг эрчим хүч болгон ашиглах асуудлыг шийдвэрлэх – Хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож, үйлдвэрлэсэн эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлэх боломжийг бүрдүүлэх.
  • Бид Илүү үр дүнтэй, тогтвортой шийдлүүдийг эрэлхийлэх цаг аль хэдийн болсон. Тиймээс та бүхнийг хог хаягдлын менежментийн сайн туршлагуудыг судлан нэвтрүүлэн, нутагшуулан хэрэгжүүлэхийг уриалж байна” гэлээ.

Үргэлжлүүлэн Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар, Орон нутагт хог хаягдлын хуулийн хэрэгжилт, сайн туршлага, цаашид анхаарах асуудал, Сумын түвшинд хог хаягдлын менежментийг сайжруулах нь сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version