УИХFocus

“Монгол Улсын Их Хурал жендэрийн мэдрэмжээ үнэлсэн 13 дахь парламент” гэдгийг онцлов

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ), Нээлттэй засгийн түншлэл олон улсын байгууллага хамтран “Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт-2025” арга хэмжээг Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод /2025.02.04-08/ зохион байгуулжээ. Чуулга уулзалтаар ардчиллыг бэхжүүлэх, төр засгийн ил тод нээлттэй, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар хэлэлцэв. Түүнчлэн нээлттэй, ил тод засгийн түншлэл, санаачлагыг хэрэгжүүлэхэд бүс нутагт тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн байна. 

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва чуулга уулзалтын нэгдсэн  хэлэлцүүлгийн илтггэгчээр оролцож, парламентын ил тод байдал, шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн онцлох санаачилгуудаас танилцуулсан юм. Тэрбээр, илтгэлийнхээ эхэнд Монгол Улсын Их Хурал жендэрийн мэдрэмжээ үнэлсэн 13 дахь парламент төдийгүй хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээг хийсэн олон улс дахь анхны парламент гэдгийг онцлов. Энэхүү өөрийн үнэлгээний үйл ажиллагааны тайлан, санал зөвлөмж нь Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулахад онцлох хувь нэмэртэйг дурдаад өөрийн үнэлгээний асуулгууд, хэлэлцүүлгийн оролцогчид болон санал, зөвлөмжүүдээс танилцууллаа.

Үргэжлүүлэн Монгол Улсын Их Хурлын даргын санаачилсан, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн эрхэм зорилгод тулгуурлсан “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” бодлогын талаар танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаараа ирэх дөрвөн жилд хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллана гэдэг үзэл баримтлалаа зарласан. Хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлоход “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн зорилго оршиж буй талаар илтгэлдээ онцолсон юм.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва илтгэлийнхээ төгсгөлд парламентаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, баталсан хууль тогтоомжийг таниулж, олон нийтийг мэдээллээр хангах, эргэх холбоог бэхжүүлэх үүднээс Хууль сурталчлах төвийг Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай, Говьсүмбэр аймгуудад байгуулсныг тодотголоо. Эдгээр санаачилга нь Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх замаар төлөөллийн ардчиллыг сайжруулах, ил тод, нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд чухал үр дүнтэй гэж байлаа.

Бүс нутгийн хамтын ажиллагаа, олон талт оролцоог хангах замаар ил тод, нээлттэй засаглалыг бэхжүүлэх, гишүүн орнуудын сайн туршлага, зорилтот үйл ажиллагааг таниулж, хамтын санаачилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн чуулга уулзалтад Ази, Номхон далайн орнуудын төрийн болон иргэний нийгэм, олон улсын байгууллагын 800 гаруй төлөөлөгч оролцжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version