Аймаг, дүүргийн шинэ нийгмийн ажилтнуудад бүсчилсэн сургалт явуулж байна
![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2025/02/476613566_1021151910060095_1042682831298682194_n.jpg?resize=780%2C405&ssl=1)
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чадавхжуулах, чиглүүлэх үндэсний хэмжээний сургалтыг орон даяар бүсчлэн зохион байгуулж байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар 2025 оноос эхлэн сум, хороодод хүүхэд, гэр бүлийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг ажиллуулах цоо шинэ зохицуулалттай болсон нь Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцоонд бий болсон хамгийн том эерэг өөрчлөлт юм.
Өнгөрсөн долоо хоногт бүх аймаг, дүүргүүд шинэ нийгмийн ажилтнуудаа томилж, 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар бүл нэмлээ. Эдгээр шинэ мэргэжилтнүүдийг сургах чиглүүлэх ажлыг бүсчилсэн хэлбэрээр зэрэг зохион байгуулж байна.
Анх томилогдон ажиллаж байгаа хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг чиглүүлэх, мэргэшүүлэх богино хугацааны сургалт нь нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар, хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх арга зүй эзэмшүүлэх зорилготой юм.
Тухайлбал, Ховд аймагт Баян-Өлгий, Увс, Ховдын нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдаж байгаа бөгөөд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т. Ихтамираар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Хэнтий аймагт ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Нийгмийн ажлын бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч С.Учралаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, Дорнод, Сүхбаатар аймгийн нийгмийн ажилтнууд чиглүүлэх сургалтад хамрагдаж байна.
Баянхонгор аймагт Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай аймгийн нийгмийн ажилтнууд ирж, сургалтад хамрагдаж байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүл, хүн амын хөгжлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатар, ХГБХХЕГ-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Т.Барчинлэгсэм, ахлах мэргэжилтэн У.Долгормаа нараар ахлуулсан ажлын хэсэг сургалтыг зохион байгуулж байна.
Хөвсгөл аймагт ХГБХХЕГ-ын ССМТ-ийн захирал Г.Ариунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, Булган, Архангай, Завхан, Сэлэнгэ аймгийн нийгмийн ажилтнуудыг сургалтад хамруулж байна.
Дархан-Уул аймагт Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдаж, ГБХНХЯ-ны Хүүхдийн эрхийн хууль тогтоомж, бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Ж.Азжаргалаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм.
ХГБХХЕГ-ын Мэдээллийн технологи, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байгаа бөгөөд Дорноговь, Говьсүмбэр аймгийн нийгмийн ажилтнууд чиглүүлэх сургалтад оролцож байна.
Анхан шатны нэгжид нийгмийн ажлын цогц үйлчилгээг үзүүлэхээр шинээр томилогдон ажиллаж буй нийгмийн ажилтнууд нь хүүхэд, гэр бүлийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэх юм.