“Блю Скай Кашемир” ХХК дэлхийн 10 гаруй улсад бүтээгдэхүүнээ экспортолж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “Блю Скай Кашемир” ХХК-д ажиллалаа.
Тус компани нь үнэгүйдээд байсан ноосыг зах зээлийн эргэлтэд оруулж, 2008 оноос нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 80 хувийг нь Англи, Итали, Норвег, Герман, ОХУ, Чех, Солонгос, Тайван, Япон, АНУ, Австрали болон Канад улсуудад экспортолж байна.
Хонины бүдүүн ноосны ноолуурлаг хэсгээр үйлдвэрлэсэн ээрмэл утсаар Монголд анх удаа даавуу үйлдвэрлэж, эцсийн гүйцэтгэн боловсруулалт хийх инновацыг нэвтрүүлэн бүрэн нутагшуулаад байгаа аж. Хонины ноосны үнэ цэнийг өсгөж чадсан нь тус компанийн давуу тал болж байна.
“Блю Скай Кашемир” ХХК нь 150 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж, жилд 250 тн ноос ноолуур будах, 60 тн ээрмэл утас үйлдвэрлэх, 500 мянган уртааш метр нэхмэл бүтээгдэхүүн, 70 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа талаар компанийн зүгээс мэдэгдсэн. Тэд Итали, Герман, Япон, Англи улсуудын орчин үеийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ.
Ямааны ноолуур, тэмээний ноос, хонины ноос, сарлагийн хөөвөр будах, цайруулах чиглэлээр “Будах үйлдвэр”, жилд 60 тн ноолууран ээрмэл үйлдвэрлэх хүчин чадалтай “Ээрэх үйлдвэр”, ноолуур, хонины ноос, тэмээний ноос, сарлагийн хөөврөн утсаар даавуу, драп, хөнжил, нөмрөг, ороолт, шааль зэрэг нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Нэхмэлийн үйлдвэр”, дэлхийн алдарт Shima seiki, Stoll, Conti Complett брэндийн тоног төхөөрөмж бүхий “Сүлжмэлийн үйлдвэр”, Японы Pegasus, Brother, Juki брэндийн бүхэн автомат программчлагдсан оёдлын машинуудтай “Оёдлын үйлдвэр”-тэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 100 хувь байгалийн гаралтай нарийн ширхэгтэй утсаар дээд зэргийн чанартай 1000 гаруй нэр төрлийн нэхмэл, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм.