Гадаад харилцааОХУОнцлох

Орос, Монгол хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ОХУ-ын Тээврийн дэд сайд, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн А.Н.Шило, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков,  “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, Монгол-Оросын “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А.Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр ЗТЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Орос, Монгол хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, агаарын тээвэр, авто тээврийн салбар дахь хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Орос, Монгол хоёр улс нь уламжлалт найрамдалт харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд бүх салбарт хамтын ажиллагаа өргөжиж, тээврийн салбар дахь төмөр замын салбарын хамтын ажиллагаа илүү нягт нямбай, тууштай үргэлжилж байгаад талархал илэрхийллээ.  

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2024 оны 09 дүгээр сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагаа, цаашдын хөгжил шинэчлэлийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон гэдгийг дурдлаа. Мөн “Миний бие 2024 оны 11 дүгээр сард ОХУ-д айлчлахдаа Тээврийн сайд Р.В.Старовойт болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хоёр улсын тээврийн салбарт хамтран ажиллах бодлого чиглэл, агаарын тээвэр, төмөр замын салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, хоёр талдаа харилцан зөвшилцсөний үндсэн дээр зарим асуудлыг шийдвэрлээд явж байна. Тухайлбал, хоёр улсын хооронд зорчигч тээвэр болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр агаарын тээврийн үйлчилгээнд Москва-Улаанбаатар хот хоорондын шууд нислэгийг сэргээн явуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна” гэв.   

Тэрээр “Дараагийн хэлэлцэх гол асуудал нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг 2030 он хүртэлх шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэх тухай асуудлыг хөндөв.

Мөн төмөр замын салбарт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын нутаг дэвсгэрт гурван улсыг холбосон төмөр замын шинэ шугам байгуулах санал гаргасныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд уламжилж,  төслийн ТЭЗҮ-ийг нарийвчлан судалж, боловсруулах шаардлагатай талаар саналаа илэрхийлсэн.

Монгол-Орос-Хятад гурван улсын Ерөнхий сайд нар дээрх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон. Миний бие ОХУ-д айлчлахдаа Тээврийн сайд болон холбогдох албаны хүмүүстэй энэ асуудлыг хөндөн ярилцсан гэдгийг хэлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын тээврийн салбарт хамтран ажиллах бодлого чиглэл, төмөр замын салбар дахь төр засгийн бодлого шийдвэр, ачаа тээвэр болон зорчигч тээврийн салбарт мөрдөх үнэ тарифын асуудлыг манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амжиргаа, ААН-ийн бизнесийн хэвийн үйл ажиллагаатай уялдуулах, үнэ тарифыг нэмэх бус харин эсрэгээрээ бууруулах боломжийг дахин хэлэлцэх тухай санал солилцлоо.

Талууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран төмөр замыг шинэчлэн сайжруулах талаар дэлгэрэнгүй санал солилцож, хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдэх боломж нөхцөл, Монгол, Орос хоёр улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг дэмжин тээврийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах тухай өргөн хүрээтэй хэлэлцэв.  

Уулзалтын төгсгөлд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Тээврийн дэд сайд, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн А.Н.Шилод  хандан хоёр улсын эдийн засаг, тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулан дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлээд, 2025 оны дөрөвдүгээр сард Монгол-Орос-Хятад гурван улсын сайд нарын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар санал гаргасаныг уламжлаад, ОХУ-ын Тээврийн сайд Р.В.Старовойт  холбогдох албаны хүмүүст албан урилгыг гардуулж өгөхийг хүсэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version