ХЗДХЯ

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад (2025.01.24) өргөн мэдүүллээ. Үүнд:

  • Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
  • Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл багтаж буй.

Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг энэ чиглэлд уялдуулан зохицуулах юм.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, Улсын Их Хурлаас баталсан зарим хуультай холбогдуулан зөрчилд тооцох үйлдлүүдийг шинээр тусгах зэрэг зохицуулалтыг тусгасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтнуудад бий болдог хүндрэл, чирэгдлийг багасгах, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх зорилгоор боловсруулсан.  

Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөлд ямар ч асуудлаар жагсаал, цуглаан хийж болохоор нээлттэй байх, аяндаа бий болсон жагсаалыг мэдэгдэл хүргүүлсэн жагсаалын адил хүлээн зөвшөөрөх, бүртгүүлэх нэртэй боловч зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, мэдэгдэл хүлээн авах, хариу өгөх, хууль бус жагсаал, цуглааныг албан тараах эрх бүхий этгээд нь Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтан байгааг цагдаагийн байгууллага, тухайн шатны Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэхээр өөрчлөх, жагсаал, цуглааныг сурвалжлах, мэдээлэх эрхэд хязгаарлалт тавихгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.

Таг
Back to top button
Exit mobile version