ЗТЯ

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар ажлаа эрчимжүүлэхыг үүрэг болгов

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдааны /2025.01.24/ эхэнд Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газраас “Бүтээн байгуулалтын жил”-ийн ажлын хүрээнд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүд, ялангуяа нийслэлд хийгдэх дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудад ЗТЯ-ны холбогдох газрын дарга нар, инженер техникийн ажилтнууд, төрийн албан хаагчид онцгойлон анхаарал хандуулж ажиллахыг сануулав. Үүний дараа шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт удаашралтай байгааг шүүмжилж, ажлаа эрчимжүүлэхыг үүрэг болгов.     

Мөн Зам, тээврийн сайдын зүгээс салбарын хүрээнд баримталж ажиллах бодлого чиглэл, байр суурь, дэд бүтцийн салбарт шинээр хийгдэх ажлууд, түүнд тавих хяналт, шалгалт, зарчмын асуудлуудыг тодорхой дурьдлаа. Тухайлбал, ЗТЯ-нд гадны зээл тусламжаар хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтыг сайжруулж, чанар стандартыг хангаж ажиллах тал дээр Ажлын комисс томилж ажиллуулахыг үүрэг болголоо.  Хариуцлаггүй ажилласан, гадны зээл тусламж хөрөнгө оруулалтын ажилд гадаад, дотоодын байгууллагууд зуучилдаг, авлигын асуудалд нэр холбогдсон албаны хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх болно гэдгийг мэдэгдлээ.

Түүнчлэн автозамын салбарт сонгон шалгаруулалт зарласан зарим тендерийн асуудлыг дахин харах, санхүүжилтын асуудалтай нь уялдуулан эдийн засгийн үр ашигтай ажлаа эхэнд нь төлөвлөөд явахыг санал болгов.

Зам, тээврийн салбар энэ онд олон том бүтээн байгуулалтын ажлуудыг эхлэх учир ЗТЯ-ны дарга удирдлагууд, төрийн алба хаагчдын шинэ томилгоо, гадаад дотоодын томилолт, ээлжийн амралт, өвчтэй чөлөөтэй гэх шалтгаанаар чөлөө хүсдэг байдлыг тухай бүрт нь  салбарын сайдад мэдээлж байхыг үүрэг болголоо.  Мөн он дамнан амарч байгаа зарим газрын дарга нарт 2025 онд ээлжийн амралт байхгүй гэдгийг онцгойлон анхааруулаад, салбарын  сайдын хувьд төрийн бодлогыг дэмжиж ажиллах, төрийн ажлыг үр дүнтэй хийж гүйцэтгэх ажлын хүрээнд салбарын ажлыг шахаж ажиллана. Албан бичгийн хүлээгдэл чирэгдлийг бууруулах, ажлыг богино хугацаанд шуурхай хийх үүднээс ЗТЯ-ны газар хэлтсийн дарга нар, алба хаагчид нэгдсэн нэг бодлоготой, үр дүнтэй хамтарч ажиллахыг хүсэв.  

Нийслэлтэй хамтран ажиллана

Зам тээврийн яам энэ онд нийслэлд  хийгдэх олон том бүтээн байгуулалтын ажлыг хамтран хийж гүйцэтгэнэ. Энэ ажлын хүрээнд  Улаанбаатар хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд салбар хоорондын зохицуулалтыг шуурхай хангаж ажиллах үүднээс холбогдох газрын дарга нар уулзалт товлож,  төслийн ажлуудтай биечлэн танилцах хэрэгтэйг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газраас энэ жил төрийн өмчит компаниудын тоог бууруулах,  нэгтгэх, татан буулгах ажлын хүрээнд  “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”-ыг нэгтгэж, чиг үүргийн давхардлыг бууруулах ажлыг шат дараатай хийдэг тул холбогдох байгууллагууд ажлаа богино хугацаанд цэгцэлж, өдөр тутмын бусад үйл ажиллагаа, салбарын аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа. Ялангуяа төмөр замын байгууллагуудад хийж гүйцэтгэсэн болон дутуу түүхий яваа олон том ажлууд бий. Хоёр байгууллагыг нэгтгэх  ажлын хүрээнд эд хөрөнгө завших, хөрөнгө эзэнгүйдэх явдал гаргахгүй байхыг анхааруулж. Бүтэц орон тооны хувьд, нарийвчилсан бүртгэл судалгааг яаралтай хийж, давхардлыг арилгах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.  

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг байгуулах ажлын хүрээнд  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 01 сарын 07-ны өдрийн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхээр гишүүдийн олонх нь дэмжсэн. Төмөр замын агентлагийг байгуулахдаа  “Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, тодорхой тооны орон тоог шилжүүлэх, нэгтгэх замаар зохион байгуулан ажиллаж байгааг дуулгалаа. Зам тээврийн яамны зүгээс төрийн үйл ажиллагаа тасралтгүй, шуурхай явуулах  боломжийг бүрдүүлж, бодлогыг тодорхойлж ажиллана гэдгийг мэдэгдлээ.   

Засгийн газрын тохируулагч агентлаг ИНЕГ-ын үйл ажиллагаатай биечлэн танилцана

2025 онд хэрэгжиж эхэлсэн Иргэний нисэхийн тухай хуульд заасны дагуу ИНЕГ-ыг чиг үүргийнх нь дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчлөн зохион байгуулахаар холбогдох шийдвэрүүд нь гарсан. Энэ дагуу ИНЕГ бүтцийн өөрчлөлт хийгээд дуусаж байна. Цаашид байгууллагын менежментийг илүү сайжруулж,  үр ашигтай ажиллах хүрээнд 2025 онд  ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хэрэгжилт биелэлттэй  биечлэн очиж танилцах болно  гэдгийг салбарын сайд онцлон тэмдэглэлээ.

Мөн нисэхийн салбарт ихээхэн шүүмжлэл дагуулдаг навигацын орлогоор нэгнээ шагнаж урамшуулдаг, тэтгэлгээр сургадаг асуудлыг таслан зогсоож, боловсон хүчний зохицуулалтыг Зам тээврийн яам бодлогоор дэмжиж, шаардлагатай зохицуулалтыг хийж ажиллана гэдгийг дахин анхаарууллаа.  

Агаарын тээврийн салбарынханд “Монголд зочлох жил”-ийн ажлын хүрээнд үйлчилгээний чанар, хүртээмжийг улам сайжруулж ажиллахыг үүрэг болгоод, МИАТ ТӨХК-д нислэгийн цаг хоцроох асуудлыг таслан зогсоох, үйлчлүүлэгчийн ая тухтай байдлыг хангаж ажиллахыг дахин санууллаа.  

Шуурхай хуралд харьяа газрын дарга нар 90 хувийн ирцтэй хамрагдаж, салбар тус бүрийн төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу явагдаж байгааг хэлээд, тулгамдаж буй зарим асуудлаа танилцуулсан юм.   

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашид яаралтай хэрэгжүүлэх, анхаарах шаардлагатай чухал ажлуудыг тодотгож, үүрэг чиглэл өглөө.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version