Итали улстай шууд нислэг үйлдэх үүдийг нээлээ
2025 онд Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд А.Таяани нар (2025.01.24) Агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улсын агаарын тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ. Тухайлбал, хоёр улсын хооронд бүхий л салбарын цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Монгол, Италийн гадаад худалдааны хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа бөгөөд хоёр орны хоорондын гадаад худалдааны эргэлт 2022-2024 онуудад 150-188 сая ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Италийн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн олон нэгж Монгол Улсаас самнасан ноос, ноолуур авч бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж энэ нь Итали руу чиглэсэн манай экспортын дийлэнхийг эзэлж байгаа бөгөөд цаашид өсөх хандлагатай байна.
Далай болон хуурай замаар түүхий эд тээвэрлэн Италид авчрах нь илүү хугацаа шаардахаас гадна гаалийн болон гаалийн бус саад бэрхшээл ихтэй тул Италийн компаниуд агаарын карго тээврээр авах сонирхолтой байдаг учир агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр нь зөвхөн аялал жуулчлал, зорчигч тээврийн харилцаа төдийгүй ачааны карго тээврийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Талууд хоёр улсын хооронд агаарын харилцааг хөгжүүлж, цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллах төдийгүй авто тээвэр болон бусад салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Олон улсын автотээврийн харилцааны тухай” Монгол Улсын Засгийн газар, Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах, жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх зэрэг ажлуудыг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.