УИХХууль эрх зүй

Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хуралдлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2025.01.15/ Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын онол, практикийн хурлыг зохион байгууллаа.

Хурлыг нээн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните нар үг хэлэв.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй, шуурхай, үр дүнтэй болгох арга замыг эрэлхийлж, шийдвэрлэх зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна. Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх асуудал нь шүүхээс тусдаа асуудал биш. Гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн санаа бодлыг тусгах нь чухал хэмээн гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлөв байдал, гүйцэтгэлийн хувь хэмжээ буурсан энэ үед тус хэлэлцүүлэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог шинэчлэх нь Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой. Энэхүү хэлэцүүлгээр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Банкны холбоо, Хуульчдын холбоо, шүүх, яамд, олон улсын байгууллагууд зэрэг гол оролцогч талуудын оролцоог хангаж, шинэчлэлийн хэрэгцээ шаардлагыг хэлэлцэж, нэгдсэн санал дүгнэлтэд хүрч чадлаа. УИХ эдгээр шинэчлэлийг эрчимжүүлж, шаардлагатай өөрчлөлтүүдийг яаралтай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх болно гэв.

Элчин сайд Ина Марчюлёните, Эдийн засгийг төрөлжүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах нь Европын холбоо, Монгол Улс хоорондын Түншлэлийн хэлэлцээрт тусгагдсан Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг юм. Энэхүү семинар нь харилцан туршлага солилцох, сайн туршлагаас суралцах, шинэчлэлийн талаар ач холбогдолтой саналуудыг хэлэлцэж, иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүлээгдэж буй шинэчлэлд хүрэх замыг нээж өгөх замаар эдгээр тэргүүлэх зорилтуудыг шийдвэрлэх зорилготой юм гэлээ.

Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Эрх зүйн шилжилтийн багийн ахлах зөвлөх Вероника Брадаутану, ЕСБХБ-наас 2023 оны намраас эхлэн Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг бэхжүүлэх нь сэдэвт техникийн туслалцааны төслийг эхлүүлснийг дурдаад, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй уг төсөл нь холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цахимжуулахад дэмжлэг үзүүлэх, системийн ерөнхий үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа талаар онцоллоо.

Хурал үргэлжилж, Олон улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Йос Уйтдэхааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны олон улсын шилдэг туршлагын талаар, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцооны эрх зүйн шинэчлэлийн үзэл баримтлалын талаар танилцуулж, ЕСБХБ-ны төслийн хуулийн зөвлөх З.Шагдарсүрэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал, зөвлөмжийг тоймлон хүргэсэн юм.

Хуралд оролцогчдын зүгээс шийдвэр гүйцэтгэгчдийн орон тоог нэмэгдүүлж, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг дурдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үе шатанд алдаа гаргаснаас үүдэлтэй удаашрал, ачаалал үүсгэснээс төлбөр төлөгчдөд давуу байдал олгох зэрэг асуудал байгааг дурдаж байлаа.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог бэхжүүлэхийн ач холбогдол, эрх зүйн шинэчлэлийн үр нөлөө, олон улсын хамтын ажиллагааны боломжийн талаар харилцан санал солилцлоо.

Үдээс хойших хуралдаанаар “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”-ын талаар ШШГЕГ-ын дэд дарга Б.Нямгомбо танилцуулж, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулахад шүүхийн гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа илтгэл хэлэлцүүллээ.

Хурлын төгсгөлд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Шийдвэр гүйцэтгэгчдийн орон тоо, төсвийн асуудлыг эргэн харах шаардлагатай байгааг онцолж, хэрэг маргааныг цаг алдахгүй шийдвэрлэх нөхцөл боломж бий. Зөвхөн нийслэл дэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үнэлж, дүгнэхээс илүүтэй орон нутгийн асуудалд анхаарч, цаашид санал, хүсэлтээ ирүүлэхийг оролцогчдоос хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version