Үндсэн хуулийн ойн хүрээнд шатар сонирхогчдын УАШТ-ий шигшээ тэмцээн эхэллээ
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр (2025.01.11) Төрийн ордонд эхэллээ.
Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж буй тэмцээний шигшээ тоглолтыг нээж Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж үг хэлэв. “Жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Ойн хүрээнд анх 2013 онд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаас хойш уламжлал болж энэ жил 13 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулж байна. Улс орон даяар зохион байгуулагддаг тэмцээнд энэ удаа 5481 шатарчин оролцсон. Тэдгээрээс шалгарсан тамирчид шигшээ тоглолтод оролцохоор энд цуглаад байна. Хүн тоглож байхад үндсэн мөн чанар нь илэрдэг, үүн дотроо шатар тоглож байхад нь оюуны чансаа нь илэрч байдаг. Ийм ч учраас аймаг, сумаасаа, тэмцээнд өрсөлдсөн оюунт хүн болгоноос шалгарч ирсэн Та бүхэнтэйгээ энэ тэмцээнд оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг байдаг. Би жил болгон энэ тэмцээнийг хүлээж, оролцдог. Монголын шилдэг оюунт Та бүхэндээ тэмцээнд амжилттай оролцохын ерөөл өргөж, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 2025 оны шигшээ тэмцээн нээснийг мэдэгдье” гэлээ.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын мэндчилгээг Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар уламжиллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Их эзэн Чингис хаан мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр Монголын түүх судлалыг дэмжих, сурталчлан таниулах, дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх зарлиг гаргасныг дурдаад энэ удаагийн шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд монгол шатраар төрөл нэмж байгааг дуулгасан. Монгол шатар нь нүүдэлчний зан заншил, соёл уламжлалыг нэвт шингээсэн онцлогтой байдгийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн мэндчилгээний үеэр онцлоод монгол шатрын төрөлд оролцож байгаа тамирчид өнөөдөр Төрийн ордонд үндэсний шатраараа наадах онцгой сайхан өдөр тохиож байгааг тэмдэглэсэн юм.
Тэмцээний нээлтийн үеэр Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар Улсын Их Хурлын дэд даргад дурсгалын шатар гардуулав.
Тэмцээний нээлтийн ёслолд Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Ж.Галбадрах, “Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны төлөөлөл АИХ-ын депутат асан Д.Найдан, Д.Моондой, С.Билигсайхан, Т.Гантөмөр, Д.Чалхаажав, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, Монголын шатрын холбооны удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцов.
Ийнхүү нээлтийн арга хэмжээ болсны дараа Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж эхний нүүдлийг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батчулуунтай хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүллээ.
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний анхан шат 2024 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдсан бол хагас шигшээ тэмцээн 2024 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болсон юм. Төрийн ордонд өнөөдөр эхэлж буй шигшээ тэмцээнд сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан 170 шатар сонирхогч оролцож байгаагийн 130 нь эрэгтэй, 40 нь эмэгтэй тамирчин юм. Мөн Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар бол зарим төрийн байгууллагын тамирчид оролцож байна. Тамирчид нийт найман өрөг тоглон, аваргууд тодорч, тэргүүлсэн эрэгтэй нэг, эмэгтэй нэг шатарчинд спортын дэд мастер цол олгоно.
Тэмцээнд 25-аас дээш настай, шатрын спортын зэрэг, цолгүй, сонирхогч тамирчид өрсөлддөг бөгөөд энэ удаагийн тэмцээний хамгийн ахмад настай тамирчин нь 86 настай Д.Найдан байв.
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэ удаагийн шигшээ тэмцээний нэг онцлог нь монгол шатрын төрөл нэмэгдэж байгаа бөгөөд 8 тамирчин өрсөлдөж байгаа юм. Монгол шатрын үүслийг XIII зууны үеэс улбаатай хэмээн үздэг бөгөөд монголчуудын ахуй, соёл, өв уламжлалыг шингээснээс гадна тоглох дүрэм, дүрс хэлбэр, нүүдэл, дуудлага нэршил гэх зэргээрээ онцлогтой байдгийг Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, мэргэшсэн хорооны дарга Ч.Мөнхбат танилцуулж байсан.
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээний шигшээ тоглолт хоёр өдөр (2025.01.11,12) Төрийн ордонд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.