Орон нутагFocusШинэ мэдээ

11 аймгийн 1000 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц олгоно

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн зурагт үндэслэн Монголын улаан загалмай нийгэмлэгээс цагаан зудтай болон цагаанаар зудархуу байгаа 11 аймгийн 50 сумын 1000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэх тусламжийн цуваа өнөөдөр /2025.01.09/ Улаанбаатар хотоос хөдөллөө.

Тухайлбал, зудын эрсдэл хамгийн өндөр байгаа Увс аймгийн 360, Завхан аймгийн 220, Баянхонгор аймгийн 180, Баян-Өлгий аймгийн 70, Ховд аймгийн 60 малчин өрх зэрэг 11 аймгийн 1000 малчин өрхөд малын эрдэс тэжээлийн багц (долооц, загасны тос, туурайн тос, нүдний тос, амин тун)-ыг хүргэж, 550 мянган төгрөгийг малчдын дансанд Хаан банкаар дамжуулан шилжүүлэх юм.

1 / 11

Тусламжийг орон нутаг дах Улаан загалмайн Дунд шатны хороодоор дамжуулан малчдад олгоно.

Хүмүүнлэгийн тусламж хүлээн авах малчин өрхийг сонгохдоо, хонин толгойд шилжүүлсэнээр 400 хүртэлх малтай малчин өрх, ган, зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотойгоор отроор өвөлжиж буй малчин өрх, жирэмсэн эсвэл хөхүүл ээжтэй гэр бүл, 16 хүртэлх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 16 хүртэлх насны 5 ба түүнээс дээш хүүхэдтэй малчин өрх, өндөр настан эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй малчин өрх гэсэн үзүүлэлтийг шалгуур болгодог.

Монголын улаан загалмай нийгэмлэг 2024 онд зудын гамшиг, цасан болон шороон шуурга, шар усны үерт өртсөн 12130 малчин өрхөд 8,9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, эрдэс тэжээлийн багц, хүнс, ариун цэврийн багц бүхий хүмүүнлэгийн тусламж, нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж ажилласан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version