Туулын хурдны замын тендерийг энэ сард зарлаж, бүтээн байгуулалт IV сард эхлэнэ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрхийн гүүрээс эхэлж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх 6 эгнээ бүхий Туулын хурдны замыг барих бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. Шуурхай штаб хуралдаж Туулын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарын хамт Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт /2025.01.05/ ажиллалаа.
Туулын хурдны замын тендерийг энэ сард багтаан зарлаж, бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Түүнчлэн 32 км урт хурдны замыг 24 сарын хугацаанд барихаар төлөвлөсөн.
Тус хурдны зам баригдсанаар Дархан болон Замын-Үүд чиглэлийн дамжин өнгөрөх авто тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэх юм. Туулын хурдны замаар зорчиход хотын авто замтай нэг түвшинд огтлолцохгүй гүүрэн байгууламжуудыг шийдэж өгсөн. Замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр Улаанбаатар хотыг 80-100 км/цагийн хурдтай тойрон гарах боломжтой.
Хотын дарга Х.Нямбаатар “Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төсөлд зарим өөрчлөлт оруулж, 4 эгнээ байсныг 6 эгнээ болгосон, 13 гаруй км гүүрэн байгууламжтай болж зураг төсөлд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор тендерийн баримт бичгийг боловсруулах ажил хэд хоног хойшилж, энэ сарын 25-нд тендер зарлах төлөвлөгөөтэй байна. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Тендерийн тухай хуулийн дагуу хамгийн бага үнийн саналаар хамгийн сайн тендерийн материал ирүүлсэн оролцогчийг ил тод, нээлттэй байдлаар шалгаруулж, тендерийг зохион байгуулна. 2025 оны дөрөвдүгээр сард бүтээн байгуулалтыг эхлэх ёстой. Бид бүтээн байгуулалтын ажилд ашиглах цемент, төмрийн дотоодын үйлдвэрлэгчтэй уулзалтууд хийсэн. 52-ын даваа орчимд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийлгэж, дүгнэлт гарах гэж буйг удахгүй Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Туулын сав газарт археологийн олдворууд бий учраас олдворуудыг хөндөхгүй байх тал дээр ШУА-ийн эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллана. Гүүрэн байгууламжууд хийгдэх учраас инженерийн нарийн хийцлэлтэй баригдана. Хурдны зам болон гүүрэн байгууламжуудыг барихдаа авто замын хөдөлгөөнийг хязгаарлахгүй” гэдгийг онцоллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар 2025 онд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад анхаарал хандуулан ажиллана. Энэ хүрээнд байнгын ажиллагаатай шуурхай штабыг байгуулсан. 2025 онд Улаанбаатар хотод хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудын нэг нь Туулын хурдны зам бөгөөд энэ зам нь зургаан эгнээ бүхий хэвтээ тэнхлэгийн хурдын зам, гэрлэн дохио болон уулзвар байхгүй. Босоо тэнхлэгийн зам мөн баригдаж Туулын хурдны замтай огтлолцоно. Хотын удирдлагууд 24 сарын хугацаанд хот доторх хурдны замыг барьж дуусгана гэж танилцуулсан. Үүнд, газар чөлөөлөлт, тендер, хөрөнгө оруулалтын ажлуудыг мөн зохион байгуулахаар байна. Нийслэлчүүд бид хамтдаа Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллахыг уриалж байна. Бид Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдол, эрчим хүч, түгжрэлийг шийдэхэд ажлуудыг хурдацтай хэрэгжүүлнэ. Эрх зүйн орчныг бүрдүүлэхэд мөн тусгайлан хуулиуд батлахаар төлөвлөж байна” гэж мэдэгдлээ.
“Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрийн хамгийн том зорилт бол түгжрэл, утааг бууруулах. Тиймээс хөрөнгө оруулалтын бодлогыг Улаанбаатар хотруу чиглүүлж байна. Эхний том төсөл нь Туулын хурдны зам. Энэ сард ажил нь эхэлж байна. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг холбосон тойрог хурдны замыг 2028 онд ашиглалтад оруулна. Зураг төсвийн ажил хийгдэж байгаа. Зургаан сар гэхэд тендер шалгаруулалт явагдана. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил мөн зэрэгцээд явна” гэж Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр ярилаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС