УИХОнцлох

А.Далхжав: Ардчилсан шинэ Үндсэн хууль ардчилал, эрх чөлөөг ард түмэндээ өгсөн

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

А.Далхжав: Депутатууд өөр хаалгаар зүг буруулан ордноос гарцгаадаг үе ч хэд хэд тохиосон

“Цусгүй тулалдаан”-ы тухай өгүүлэл (Дурдатгал)

Шатраар наадахыг “цусгүй тулалдаан” хэмээдэг. Тэгвэл би бээр бас нэгэн онцгой “цусгүй тулалдаан”-д оролцож явснаа сэтгэл зүрхэндээ бахархаж явдаг юм. Энэ бол цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үргэлжлэл-Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэж батлах 76 өдрийн үйл явдал. Ганц би ч биш АИХ-ын депутат 430 хүн энэ их үйл хэргийн төлөө ёстой нойр, хоолоо умартан байж зүтгэсэн билээ.

Халуун намраар эхэлсэн АИХ-ын чуулган идэр есийн хүйтэн тачигнасан өдрүүдэд үргэлжилсээр… Үндсэн хууль хэлэлцэхийг больё, дараагийн чуулган хэлэлцэж батлах биз, хөдөөд зуд, зурхан нүүрлээд цаг агаар хүндэрлээ, тарцгаая гэсэн үг ч сонсогдож л байлаа. Яалаа гэж дээ. Бид чинь монголын ард түмнийг төлөөлсөн төрийн түшээд шүү дээ. Үндсэн хууль хэлэлцэж батлах гэж монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн бус уу. Энэ зорилгоосоо огтхон ч буцахгүй гэсэн үзэл бодол, сэтгэл зүтгэл давамгайлж өдөр нь хэлэлцэж шийдэлд хүрч чадаагүй асуудлаа шөнө үргэлжлүүлнэ. Чуулганы танхимаас гараад ирэхэд Засгийн газрын ордны хойт талын баруун хаалган дээр туг, уриа лоозон барьсан жагсагчид орилолдон хашгиралдана. Депутатууд өөр хаалгаар зүг буруулан ордноос гарцгаадаг үе ч хэд хэд тохиосон.

Нам, эвсэл, холбоод аймгийн төлөөлөл депутатуудын хэсгүүд завсарлага авах, хурал орхих, өөрсдийн эрх ашигт нийцсэн элдэв янзын шаардлага тавих энүүхэнд. Гэвч чуулган ажил хэрэгчээр үргэлжлэн хуралдаж асуудлаа шийдэж чаддаг байв. Танхимын уур амьсгал ачааллыг даахгүй суудал дээрээ ертөнцийн мөнх бусыг үзсэн тохиолдол ч гарав. Сэлэнгэ аймгаас сонгогдсон депутат М.Гантөмөр “Монгол хүн хоёр эхнэртэй байх”-ыг Үндсэн хуулиар баталгаажуулъя гэсэн санал оруулж 70 гаруй депутатын санал авч, олныгоо нойрноос сэрээж ч байлаа.

Төрийн сүлд ямар байх тухай олон төсөл, загварууд яригдаж байх энэ мөчид зураач Ш.Тэнгисболдын “цагаан шонхор” ч маргааны нэг сэдэв болж байлаа. Ер нь үхэр, хонь… ямаа, гурван толгойтой ногоон мориор сүлдээ хийвэл яана гэсэн олон санал, янз бүрийн загвар ирснээс шүүн хэлэлцсээр эдүгээгийн “Жигүүрт хөлөг” тодорч батлагдсан даа.

Чуулганы танхимд өлсгөлөн зарлана гэж депутат С.Харжаубай босож ирэв. “Иргэн” хэмээх депутат Д.Ламжав “галзуу” хүмүүсийн саналаар Үндсэн хуулийг манаачгүй (цэцгүй)-гээр баталж болохгүй гэж хатуу сануулав. Яруу найрагч О.Дашбалбар тэрсэлдээд хурал хаяж гарав… Ер нь чуулганаа тараая ч гэх шиг амтай бүхэн дураар авирлаж эхлэхэд Ерөнхийлөгч ам нээж: -“Депутат та нар хязгааргүй эрхтэй. Харин чуулганаа тараах эрхгүй” гэсэн үгнээс хойш депутатуудад хэлэлцэж байгаа асуудалдаа нэлээд нухацтай шуудрав.

Харин депутат миний хувьд АИХ- ын сонгуулийн 50 дугаар тойргоос сонгогдсон юм.

Ардчилсан шинэ Үндсэн хууль бол монгол хүний мэргэн ухаан нэвт шингэсэн, ардчилал, эрх чөлөөг ард түмэндээ жинхэнэ утгаар нь өгсөн бүтээл болсон гэж омог бардам явдаг.

Үндсэн хуулийн төсөлд “мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт яригдаж төрийн хамгаалатгад байна, байхгүй гэсэн маргаан дэгдэв. Дээрх заалтыг хэрэггүй гэж үзээд төслөөс хасна гэсэн санал давамгайлах байдал үүсэхэд депутат Д.Лхагвасүрэн (гавьяат мал зүйч), бидний хэсэг депутатууд нэгдэн төсөлд байгаа заалтыг хэвээр нь авч үлдээх саналтай байна. Хэрэв зөвшөөрөхгүй бол завсарлага авна, чуулганыг орхино гэдгээ мэдэгдээд нэгдэл, сангийн аж ахуйн дарга депутатууд дэмжив. Олны мэргэн ухаанаар зөв шийдэлд хүрч батлуулаад сэтгэл амсхийж билээ. Гэхдээ мал сүргийн “удмын сан” гэдэг хоёр үг орхигдсоныг одоо яалтай билээ.

Чуулганы танхимд Лу.Болд бид хоёр зэрэгцээд суудаг байлаа. Өрөвгөр үстэй шар банди үг хэлж, шинэ санаа гаргах боловч үг хэлэхдээ түгдчинэ. Бид хоёрыг зэрэгцээд сууж байхад Герман улсын сурвалжлагч бүсгүй фото зураг татаж бидэнд дурсгасныг одоо харж байхад хуучин, шинэ төрийн өнгө төрх, хөгшин залуу хоёрын зүс царайг яг илтгэнэ. Би чуулганы турш 20 гаруй удаа босож үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн болов уу.

Нэг өдөр хурлын танхимын баруун урд хаалгаар өндөр оройтой хар өнгийн бүрх малгай духдуулж, цэрэг маягийн өмд өмсөж, хромон гутал жийсэн эр ороод ирлээ. Бас цагаан цамцан дээр хар зангиа зүүсэн харагдана. Яруу найрагч, депутат О.Дашбалбарын үс нь дал мөрөө нөмөрч бутраад яах аргагүй мөн дөө. Танхим даяараа инээд хөөр болох нь тэр. Тэрээр үнэний төлөө чанга дуугарна, эсвэл тэрсэлдээд танхимаас гараад явчихна. Депутат С.Билэгсайхан,    Д.Энхбаатар, Н.Самат, К.Сайраан нар үе үе буриад, казах хувцсаар гангарч ирнэ. Үндэс, угсаагаа хамгаалах гэсэн өөрсдийнхөө саналыг Үндсэн хуульд тусгуулах гэж тэд зүтгэдэгсэн.

“Цусгүй тулалдаан” 76 хоног үргэлжлээд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилгын доор Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан тэр сайхан цагийг монгол түмэнд үл мартагдана.

Х.Пүрэвдагва:Хэн нэгэн хүн Үндсэн хуулийн үзэл санаа, зүйл, өгүүлбэр болгоны агуулгыг тайлбарлана гэдэг боломжгүй зүйл, хүч үл хүрнэ, бас ёс зүйд үл нийцнэ

(Дурсамж)

Ардчилсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад 20 жил нэгэнт болжээ. Бидний туулж өнгөрүүлсэн энэ 20 жилд Үндсэн хууль маань хэр үйлчилсэн, эх хуулийнхаа заалт бүрийг монголчууд бид улсынхаа хөгжилд мөрдлөгө болгон, түүний хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж, үр өгөөжийг нь хүссэн хэмжээндээ хүртэж чадав уу? гэх мэт олон асуулт гарч байна.

Аливаа улс гүрний үндсэн хууль бол бусад бүх хуулийн ЭХ ХУУЛЬ, нийт иргэдийн нийгмийн зөвшлийн үндсэн ГЭРЭЭ байдаг. Энэ ч утгаараа 20 жилийн өмнө Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг улсын нийт аймаг, сум, хот, дүүргийн нийт иргэдээр хэлэлцүүлэн, улмаар ард түмнээсээ шууд сонгогдон, тэднийг төлөөлөх мандат өвөртөлсөн 400 гаруй элч-депутат нар бүхэл бүтэн 76 хоног бүлэг, зүйп, өгүүлбэр, үг, үсэг бүрээр нь дахин дахин нягтлан хэлэлцэж баталсан билээ.  

Үндсэн хуулийн агуулгыг бүхий л талаас нь мэтгэлцэж, цаашид энэ үг, өгүүлбэрийн агуулгыг ийнхүү ойлгож мөрдөнө гэж зөвшилд хүрэх замаар зүйлчлэн хэлэлцэж баталсан протокол хэдэн зуун ботиороо байгаа болохоор өнөөгийн болон хойч үеийн мэргэд тэрхүү анхдагч ойлголтыг нь сайтар судалж мөрдөх учиртай хэмээн бодно. Сүүлийн үеийн улстөрчид, судлаачид, мэргэд эх хуулийнхаа заалтуудыг өөрийнхөөрөө тайлбарлах оролдлого цөөн биш гарч буйд нухацтай хандах учиртай гэж бодно. Үндсэн хуулийн зүйл, өгүүлбэр, үг бүрийн агуулга нь баримт болон үлдсэн шүү гэдгийг дахин давтан хэлье.

Үндсэн хуулийн тунхаг хэсэгт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,  эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг зорилго болгоно хэмээн даян дэлхийд ёслол төгөлдөр тунхаглан зарласан билээ.

Үндсэн хуульд төрийн үйл ажилагааны мөрдлөгө үндсэн зарчмыг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хаших, хууль дээдлэх” хэмээн тов тодорхой, хоёргүй санаагаар томъёолсон юм. Эдгээр нь дэлхийн түүхэнд хүн төрөлхтний оюун санааны хөгжлөөр бүрэлдэн буй болсон нийтлэг үнэт зүйл. Тэр үнэт зүйлийг монголчууд бид ойлгон мэдэрч авсан хэрэг.

Харин хорин жилийн хугацаанд эдгээр зарчмыг бид төрийн үйл ажиллагаандаа ягштал мөрдлөгө болгож чадсан уу? гэдэгт л асуулт байнга гарч байна. Төрийн байгууллагууд үйл ажиллагандаа хүний эрх, эрх чөлөөг хангаж чадаж байна уу? Хүний амьдралын бүхий л хүрээнд шударга ёс хэрэгжиж байна уу? Ер нийгмийн амьдралын аль ч хүрээнд хүнд байх төрмөл шинж бол эрх, эрх чөлөө. Төр иргэндээ эрх, эрх чөлөө олгодоггүй, харин эрх, эрх чөлөө эдлэх бололцоог нь хангахын төлөө л үйлчлэх учиртай. Хэрвээ энэ бололцоог нь хангахгүй, эсвэл ёс төдий хандвал иргэдийн зүгээс Үндсэн хуулийнхаа  дагуу зүй ёсны шаардлага тавих нь гарцаагүй. Шаардлага гарч л байвал төр хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэгдэнэ. Төрийн үйл ажиллагааны нэг үндсэн шалгуур, зарчим бол шударга ёс мөн. Нийгэм бүхэлдээ шударга байна уу, эсвэл шударга бус байна уу гэдэгт олон учир шалтгаан нөлөөлөх нь зүйн хэрэг боловч юуны түрүүнд төр шударга байх нь нийгмийн амьдралын бүх хүрээнд шударга ёс хэвшүүлэх үндсэн нөхцөл болно. Төр нь шударга байвал иргэдийн харилцаанд шударга ёс хэвшинэ. Иргэдийн харилцаанд шударга ёс хэвшвэл нийгмийн бусад том, жижиг, бичил бүлгүүдийн амьдралд шударга ёс хэвшинэ.

Тэгш байдлыг хангах нь төрийн үйл ажиллагааны нэг үндсэн зарчим гэж Үндсэн хуульд заасан билээ. Тэгвэл тэгш байдал гэж чухам юуг ойлгож Үндсэн хуульд тусгасан бэ? Тэгш байдал гэдэг бол нийгмийн харилцааны ойлголт. Нийгмийн тэгш байдал гэдэг бол тодорхой үйл ажиллагааны хүрээнд нийгмийн бүх гишүүд адил статустай байх нийгмийн байгууламж. Нийгмийн тэгш байдлын улс төрийн агуулга нь нийгмийг удирдах дүрэмд тусгагддаг. Сонгуульд оролцох эрх, манлайлагчдаа сонгон тодруулах дүрэм журам, тэдний эрх, үүрэг, хуулийн өмнө тэгш байх зэрэг ойлголтоор илэрхийлэгддэг юм. Тэгш байдал гэсэн ухагдахууны эдийн засгийн агуулга нь баялаг хуваарилах хүрээнд хамаарах бөгөөд, ажиллах, нөөц хуваарилахтай холбоотой тайлбарлагддаг билээ. Үндсэн хуулийг хэлэлцэн батлахад чухамхүү энэ үүднээс хандаж, зөвшилцсөн юм. Тэгвэл өнгөрч буй 20 жилийн хугацаанд тэр байдал хангагдсан уу? Хэр хангагдаж байна вэ? гэсэн асуултад иргэд анхаарлаа цаг ямагт хандуулж, хэрвээ үгүй гэсэн хариулт гарч байвал тэгш байдлаа хангуулахын тул төрөөс байнга шаардаж байх учиртай. Үүнийг бичигч би монголын нийт иргэдийн өмнөөс ямар нэг хариулт хэлэх нь зүйд үл нийцэх учир түдгэлзлээ.

Эрх чөлөөгэдэг бол хүн үйлийн олон хувилбараас сонголт хийх, түүнийгээ хэрэгжүүлэх боломжийн тухай ойлголт. Хувилбар сонгох боломж үгүй бол тэр нь эрх чөлөө байхгүй гэсэн үг. Ёс зүйн талаас нь хандвал эрх чөлөө гэдэг нь хүний чөлөөт байдлын тухай ойлголт. Хүний чөлөөт байдал хэр их байна, тэрээр төдий чинээ хариуцлагатай байна гэсэн үг. Хүний эрх чөлөөт байдал бусдын эрх чөлөөт байдлаар хязгаарлагдаж байдаг. Тийм ч учраас Францын 1789 оны “Хүн ба иргэний эрхийн тунхагт хүний бүгдийг хийх боломж нь бусдад хор учруулахгүй байх” гэж тодорхойлсон байдаг юм. Хувь хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байх хэм хэмжээг гагцхүү хуулиар зохицуулах учиртай. Нөгөө талаар эрх чөлөө бол нийгмийн ёс зүйд тулгуурласан хувь хүний ухамсартай үйл юм. Хувь хүн эрх чөлөөгөө эдлэхэд төрийн үүрэг ихийн зэрэгцээ иргэний үйл, ухамсар, боловсрол, ёс зүй, үүрэг, хариуцлага шийдвэрлэх үүрэгтэй юм.

Хэн нэгэн хүн Үндсэн хуулийн үзэл санаа, зүйл, өгүүлбэр болгоны агуулгыг тайлбарлана гэдэг боломжгүй зүйл, хүч үл хүрнэ, бас ёс зүйд үл нийцнэ.

Монгол Улсын шинэ Үндсэн хуульд тусгасан төрийн үйл ажиллагааны зарим үндсэн зарчмын үзэл санааны агуулгыг өөрийн бодол санаа, тэр үед хөтөлж байсан тэмдэглэл, хэлэлцүүлгийн явцад гарч байсан депутатууд, эрдэмтэд, мэргэдийн хэлж байсан үг зэргээс сэргээн санаж товч тайлал хийхийг оролдлоо. Эдүгэгиин мэргэд, оюунтнууд, дарга нар тунгаан болгооно биз ээ.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version