ХАА-н салбар

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав

Засгийн газрын “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогод боловсруулах үйлдвэрлэл, тэр дундаа мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг байгальд ээлтэй байдлаар хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөнийг санаачилан албан ёсоор эхлүүллээ. Энэ хүрээнд Монгол Улсын Их хурал “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих тухай” 63 дугаар тогтоолыг 2024 онд батлагдсан. Тогтоолыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын “Цагаан Алт хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 190 дугаар тогтоол батлагдаад байна.

2025 оны улсын төсөвт 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдсан бөгөөд эргэлтийн хөрөнгөд 300.0 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зээлд 488.9 тэрбум төгрөг, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлттэй зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг тусгаад байна.

ХХААХҮЯ болон Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк, М банк, Ариг банк зэрэг арилжааны 10 банк өнөөдөр /2024.12. 26/ “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын ноос ноолуурын холбооны баталгаажуулалтын албаны дарга Ч.Туяа, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны удирдах зөвлөлийн дарга С.Даваажав, Буян кашмир ХХК, Ханбогд кашмир ХХК, Дархан нэхий ХК, Булигаар ХК, Хос Аз ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид, арилжааны 10 банкны төлөөлөл оролцлоо.

Ёслолын арга хэмжээг нээж ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэлэхдээ, Монгол Улсын арьс шир, ноос ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой “Цагаан алт” хөтөлбөр албан ёсоор эхэлж байна. Бид ноос ноолуурынхаа 70 гаруй хувь, арьс ширнийхээ 30-40 хувьд анхан шатны боловсруулалт хийж байна. Тиймээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Цагаан алт” хөтөлбөр чиглэнэ. Уг хөдөлгөөн эхэлснээр Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байдлаас салах, эдийн засгаа олон тулгуурт болгох ажил эхэлж байна. Уламжлалт газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрүүдээ босгож байж бид цаашаа явна. Улс төр, нийгэм эдийн засаг ийм таатай үед бид хөнгөн үйлдвэрүүдээ босгохын тулд бүгдээрээ хамтдаа ажиллах шаардлагатай байна гэдгийг онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Ноолуур зарим бүтээгдэхүүнийг эс тооцоход хөнгөн нэртэй хүнд салбарыг босгож ирэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байгаа. Шат дамжлага бүр дээр нь зээлээ оновчтой олгохоор маш сайн төлөвлөлт хийсэн. Өртгийн сүлжээн дээр суурилсан гэдгээрээ онцлог байна. Хоёрдугаарт, ногоон зээл ердийн зээлээс 1-2 пунтээр бага байгаа. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 8-10 мянган ажлын байр нэмэгдэнэ” гэсэн юм.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуур, арьс, ширний үйлдвэрүүдэд бага хүүтэй зээл олгосноор эдгээр хөнгөн үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, түүхий эдийн чанар,  бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, үйлдвэрлэлийн шат дамжлагыг ахиулах, хөдөө аж ахуйн салбарыг цогцоор нь дэмжих боломж бүрдэж байна. Уг хөдөлгөөн хэрэгжсэнээр хөдөө аж ахуйн салбарыг Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хотын төвлөрлийг саармагжуулж, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна хэмээн онцоллоо.

     Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат “Ургадаг, ундардаг баялгаа дэмжиж байгаад үйлдвэрлэл эрхлэгчид бид баяртай байна. Арилжааны банкууд бүгд дэмжин орж ирж байгаад нь талархаж байна. Монгол ноосоор бид зөвхөн эсгий хийдэг байсан бол өнөөдөр Австрали хонины ноостой зэрэгцэн олон улсын зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдсэнд баяртай байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчидтайгаа хамтарч ажиллах боломж бүрдсэн бол “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэлийн салбарынхан хөл дээрээ зогсох том боломж бий боллоо” хэмээн байр сууриа илэрхийллээ.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь 2024-2028 оны хооронд хэрэгжих бөгөөд үүний үр дүнд

  • Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3 мянга гаруй ажлын байрыг бий болгох болно.
  • Ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2200 орчим ажлын байрыг бий болгох болно.
  • Арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 90.0 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байрыг бий болгох юм.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version