“Кремлийн сүлд модны наадам” Улаанбаатарт боллоо
Улаанбаатар дахь Русский дом буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төвд “Кремлийн Зул сарын сүлд модны наадам-2025” шинэ жилийн цэнгүүн боллоо.
Шинэ жилийн босгон дээр хүсэн хүлээдэг цэнгүүнд Орос сургуульд суралцаж буй монгол хүүхдүүд, Монголд амьдардаг орос хүүхдүүд цугларч, “12 сар” үлгэрийг “Про театр” болон Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын жүжигчид тоглож, зул сарын найрал дууны концерт боллоо.
“Кремлийн сүлд модны наадам-2025” шинэ жилийн цэнгүүнийг ОХУ-ын хамтын ажиллагааны Монгол дахь төлөөлөгчийн газар, “Газопровод СоюзВосток” компани зохион байгуулж, ОХУ-ын ЭСЯ, CSORS байгууллагын төлөөлөгч нар, “Монголын хүүхдүүд” ТББ, асрамжийн газрын сурагчид, “Том гэр бүл”, “Дон Боско”, “Вербист”, бага орлоготой гэр бүлийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, сурагчид, Орос хэлний бүсийн олимпиадын ялагч хүүхдүүд оролцлоо.
ОХУ-ын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Кильпякова хэлэхдээ, “Кремлийн сүлд модны наадам” бол хуучнаар РЦНК-ийн олон жилийн уламжлал үйл ажиллагаа бөгөөд тэртээ олон жилийн өмнө үед монгол хүүхдүүд энд ирж шинэ жилээ угтаж байсан.
Тэдний зарим нь том болсон ч энэ үйл явдлыг мартаагүй дурсаж байдаг билээ. Бид 2019 онд энэ уламжлалыг сэргээж эхэлсэн боловч цар тахлын үед тасарч, одоо өвчингүй саадгүй болсон тул бид монголын хүүхдүүдийг цуглуулж тэдэнд баяр баясгалан, гайхамшигт шинэ жилийн үлгэр мэт ертөнцийг жинхэнэ Кремлийн гацууртай хамт бэлэглэж байна” гэв.