Гадаад харилцааОнцлох

Япон Улсаас орчин үеийн батлан хамгаалахын тоног төхөөрөмж авах хэлэлцээрт гарын үсэг зурав

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масару нар “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т /2024.12.11/ гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснээ зарлаж, энэ түвшинд хоёр улсын хооронд батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг харилцан тохиролцсон юм.

Үүний дагуу хоёр талын ажлын хэсэг томилогдон ажиллаж, “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдсэн.

    

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хангагдаж, батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд өргөжиж, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, Япон Улсаас орчин үеийн батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж шилжүүлэн авах, Монгол Улсын Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдэх чухал ач холбогдолтой.

Уг хэлэлцээрийг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу дараагийн түвшинд Улсын Их Хурлаар соёрхон батлах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version