Жил бүр 7 сая орчим хүн агаарын бохирдлын улмаас нас барж байна
МАНИЛА: СЭТГҮҮЛЧИД ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн дэмжлэгтэйгээр Пробе Медиа сангаас “Халдварт бус өвчний талаар мэдээлэх нь” сургалтыг Филиппин улсын Манила хотод зохион байгууллаа. Бүтэн 2 өдөр үргэлжилсэн тус сургалтад Хятад, Лаос, Малайз, Монгол, Гвиней, Филиппин зэрэг улсын 20 орчим эрүүл мэндийн сэтгүүлчид хамрагдсан бөгөөд Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос үүсгэн байгуулагч, эрүүл мэндийн сэтгүүлч Б.Ундрах амжилттай оролцоод ирлээ.
ДЭЛХИЙН ХҮН АМЫН НАС БАРАЛТЫН ¾ ХУВИЙГ СЭРГИЙЛЖ БОЛОХ БУЮУ ХАЛДВАРТ БУС ӨВЧИН ЭЗЭЛДЭГ
Сургалтаар халдварт бус өвчин (ХБӨ) гэж юу болох, Ази номхон далайн бүс нутгийн хувьд ХБӨ ямар түвшинд байгаа, түүнийг бууруулахад хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн сэтгүүлчдийн оролцоо, нөлөө ямар байх, ХБӨ-ийг үүсгэгч голлох шалтгаанууд, тэдгээрийг бууруулах арга замууд, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд, бүсийн хэмжээн дэх ХБӨ-ийн дата, судалгаануудыг сэтгүүл зүйн бүтээлдээ хэрхэн үр дүнтэй ашиглах, бодлого боловсруулах түвшинд ХБӨ-ийн асуудлыг хэрхэн тусгасан сайн жишээнүүд гэхчлэн өргөн хүрээний мэдээллийг сэтгүүлчдэд өгч, туршлага солилцох дадлага ажил, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Сургалтын үеэр яригдсан зарим дата мэдээллээс хүргэе. Доорх дата мэдээлэл нь номхон далайн баруун бүсийн хэмжээн дэх тоо баримт болохыг анхаарна уу.
- Жил бүр 7 сая орчим хүн агаарын бохирдлын улмаас нас барж байна. Үүний 2 сая гаруй нь номхон далайн бүс нутагт хамаарч байна.
- Хүний эрүүл байх эсэхийн 70-90% -ийг орчин, нийгмийн тодорхойлогч хүчин зүйлүүд болон зан үйлийн хүчин зүйлүүдээс хамаардаг байна.
- Дэлхийн нийт нас баралтын ¾ нь ХБӨ-нөөс үүдэлтэй.
- Архи, тамхи, чихэрлэг бүтээгдэхүүн, агаарын бохирдол – эдгээр 4 нь ХБӨ-ний нас баралтын 40-өөс багагүй хувийг бий болгож байна.
- Нас барж буй 6 хүн тутмын 1 нь хорт хавдрын шалтгаанаар нас барж байна.
- Жил бүр осол гэмтлээс шалтгаалсан нас баралтаар 950,000 хүн нас барж байна.
- Зам тээврийн ослоор нас барагсдын 71,6 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
- Нас барж буй 3 хүн тутмын 1 нь зүрх судасны өвчнөөр хорвоог орхиж байна.
- Тамхинаас үүдэлтэй эрүүл мэндийн шууд зардал $422 тэрбум
- Тамхинаас үүдэлтэй нас баралт, хөдөлмөрийн бүтээмжийн алдагдал – $ 1 их наяд
- Жил бүр тамхинаас шалтгаалж 2,7 сая мод устгадаг.
- Тамхины үйлдвэрлэлээс жилд 2 сая тонн хатуу хог хаягдал гардаг.
- Дэлхий дээр жил бүр 0.7 сая тонн тамхины ишний хог хаягддаг.
- Далайн эрэг, хот суурин газрын цэвэрлэгээнд цуглуулсан зүйлсийн 30-40% нь тамхины иш.
- Нас барж буй 13 хүн тутмын 1 нь амьсгалын замын өвчнөөр нас барж байна.
ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ТАЛААРХ СЭТГҮҮЛ ЗҮЙН БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
Халдварт бус өвчнийг мэдээлэх чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх тус сургалтыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд жил ирэх тусам энэ чиглэлээрх өвчлөл, нас баралт нэмэгдэж буй номхон далайн баруун бүсийн улс орнуудын сэтгүүлчдийг олноор хамруулахаар зорьж байгаа талаар Пробе Медиа сангийн зүгээс хэлж байлаа.
Сургалтын төгсгөлд сэтгүүлчдийн дунд ХБӨ-ийг бууруулах чиглэлээр сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зарлаж буйгаа мөн танилцуулав. Энэхүү сэтгүүл зүйн бүтээлийн уралдаанд энэхүү сургалтад хамрагдаагүй сэтгүүлчид ч газар зүйн байрлалаас үл хамааран оролцох боломжтойг дуулгая. Холбооны зүгээс уралдаантай холбоотой мэдээллийг удахгүй хүргэх болно.
БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ – МЭМСЦҮХ Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб World Health Organization Western Pacific Region #Health_journalism#Health_journalists#Health_issues#Public_health_education#Health_for_All