БоловсролFocus

Дижитал хэлбэрт шилжүүлсэн сурах бичгүүдийг хүлээн авлаа

Бага ангийн сурагчдын цүнхний жинг багасгаж, дасгал, даалгавруудыг илүү сонирхолтой, интерактив, бүтээлч болгох зорилгоор Боловсролын яам Польшийн “Learnetic” компанийн техникийн дэмжлэгтэйгээр I-V ангийн есөн төрлийн 33 сурах бичгийг дижитал хэлбэрт шилжүүллээ.

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр боловсролын салбарт цахим шилжилт эрчимжиж, бүх насны хүмүүс зайнаас суралцах боломжоор хангахын тулд сургуулиуд заах, сурах үйл явцыг дахин загварчилж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн хүмүүс XXI зууны боловсрол, түүнийг олгох, олж авах тухай асуудлыг шинэ өнцгөөр харах болсон юм.

Манай улс энэ чиглэлд онцгой анхаарал хандуулж, НҮБ-ын “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд “Дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт” сэдвээр тусгайлсан хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ чиглэлд хэрэгжүүлэх үүрэг, амлалтаа танилцуулсан билээ. Энэ хүрээнд www.sur.esis.edu.mn системийг хөгжүүлж, дижитал сурах бичгүүдийг хүлээн авлаа. Үүний үр дүнд:

  • Бага ангийн 33 сурах бичгийн агуулга, дасгал, даалгаврыг интерактив хэлбэрт хөрвүүлж, 13,500 орчим дасгал, даалгаврын сан;
  • Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцахуйн явц, үр дүнтэй холбоотой мэдээллийг цахим технологи ашиглан богино хугацаанд цуглуулах, багшийн ажлын ачааллыг бууруулах, арга зүйгээ төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх цогц цахим систем;
  • Боловсролын мэргэжлийн байгууллагын холбогдох хүний нөөц, ерөнхий боловсролын сургуулийн багш нар цахим арга хэрэгсэл, модуль ашиглан интерактив дасгал, даалгавар боловсруулах програм;
  • Хичээлийн хуваарь, сурагчдын ирц, интерактив сурах бичгийн дасгал, даалгаврын гүйцэтгэл, цахим сурах бичгийн ашиглалттай холбоотой их өгөгдлийг сурагч, анги, бүлэг, сургууль, дүүрэг, аймаг, үндэсний түвшинд үүсгэх, дүн шинжилгээ хийх, хянах боломж;
  • Сурах бичгийг интерактив хэлбэрт хөрвүүлэх, дасгал даалгаврыг хөгжүүлэх, шинээр зохиох тусгайлсан багаж, хэрэгсэлтэй цахим системийг бий болгов.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version