Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээний талаар хэлэлцэв
Монгол, Японы төр хувийн хэвшлийн XI зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Т.Мацүо нар ахалж, уулзалтад хоёр талын Гадаад харилцааны яам, төрийн холбогдох байгууллага болон МҮХАҮТ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), Япон-Монголын Эдийн засгийн хороо болон хоёр талын хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн нийт 200 орчим төлөөлөл оролцов.
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ ардчиллын нэгдмэл үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн бэхжиж буйг цохон тэмдэглэж, цаашид Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, энэхүү түншлэлийн чухал багана болох эдийн засаг, бизнесийн харилцан итгэлцэл, ойлголцол, үр өгөөжтэй түншлэлийг улам бүр бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.
Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Т.Мацүо, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара, Япон-Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбаи болон МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан нар мөн тус тус зөвлөлдөх уулзалтын нээлтэд мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.
Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, харилцан үр өгөөжтэй худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, түүний дотор мэдээллийн технологийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, гарааны бизнес зэрэг салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нөөц боломжийн талаар болон Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлэх сэдвийн хүрээнд танилцуулга хийж, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монголын талаас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлж, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт Япон Улсаас хөрөнгө оруулалт татах, сайн туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахын төлөө буйг тэмдэглэв.
Мөн энэ хүрээнд манай Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Мега төслүүд дэх Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагаа”, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Мэдээллийн технологийн үйлдвэрлэл-Бодлого, хууль эрх зүйн орчин”, Эрүүл мэндийн яамнаас “Нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, Зээлийн батлан даалтын сангаас “Зээлийн батлан даалтын тогтолцоогоор гарааны бизнесийг дэмжих нь”, МҮХАҮТ-аас “Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар”, японы талаас Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас “Япон-Монголын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал”, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагаас “Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн ашиглалт”, Япон-Монголын Эдийн засгийн хорооноос “Монголын бизнесийн орчин болон Японы компаниудад тулгарч буй асуудлууд” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавив.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Монгол, Японы хувийн хэвшлийн солилцооны арга хэмжээг зохион байгуулж, хоёр талын зарим хувийн хэвшил хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Монгол, Японы төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг хоёр тал 2007 оноос хойш Улаанбаатар, Токио хотноо ээлжлэн зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа Монгол Улсад 7 жилийн дараа зохион байгуулагдсан болно.
Япон-Монголын Эдийн засгийн хороо нь 1972 онд байгуулагдсан бөгөөд Япон, Монголын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хоёр талын хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоо, түншлэлийг бэхжүүлэх чиглэлд чухал хувь нэмэр оруулж буй.