Олон улсын донор байгууллагууд эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлнэ
Эрүүл мэндийн яам, ДЭМБ, НҮБ-ын агентлагууд хамтран “Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт эрүүл мэндийн кластерийн уулзалт, хэлэлцүүлгийг /2024.11.25/ зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэлийг танилцуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөлт, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хариу арга хэмжээг бэхжүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайдын зүгээс өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх бодлого барин ажиллаж байгаа талаараа онцоллоо. Тухайлбал, нярайн эрт илрүүлэг, сургуульд суурилсан, хавдрын, ажлын байран дахь зэрэг зорилтод бүлэг рүү чиглэсэн эрт илрүүлгийг зохион байгуулж, эхнээсээ үр дүнгээ өгч байна гэлээ.
Мөн хорт хавдраас урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр авч буй цогц арга хэмжээ, төвлөрлийг сааруулах бодлого, Монгол Улсад эмчлэгддэггүй өвчний тоог бууруулах арга хэмжээ, эмийн чанарыг нэмэгдүүлэх, яаралтай түргэн тусламжийн тогтолцоог шинэчлэх зэрэг хийж буй ажлуудынхаа талаар товч танилцуулав.
Түүнчлэн ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, ЭМЯ-ны ЭТБГ-ын дарга Р.Гантуяа нар Түнш, хамтран ажиллагсдын дэмжлэгийг уялдуулан зохицуулах, анхаарал хандуулах гол асуудлууд, “Тохиолдлын удирдлагын тогтолцоо, хариу арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьж, өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хэрэгцээ, улирлын томуугийн дэгдэлт, зуд, агаарын бохирдол, нийгэм эдийн засгийн үр дагаврууд зэрэг бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг олон улсын байгууллага, бусад салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ.
Уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн банк, Жайка зэрэг байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлын талаар хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, цаашид зудын хариу арга хэмжээний чиглэлээр төлөвлөгөө гарган, ямар байгууллага, аль чиглэлээр дэмжлэг үзүүлэх талаараа давхцал үүсгэхгүйгээр ажиллахаар тогтов.
Мөн МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа орон нутгийн нөөц бололцоог дайчлах тал дээр анхаарах хэрэгтэй байгааг дурдаад ЭМЯ-наас багийн эмч нарт анхаарал хандуулан ажиллаж байгааг сайшаалаа.
НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра уулзалтын төгсгөлд эрүүл мэндийн кластерийн уулзалт нь салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулахад чухал үүрэгтэй болохыг онцлоод хэн юу хийж чадах вэ гэдгээс гадна хэрэгцээгээ тооцож, богино болон дунд, урт хугацаанд хийх ажлууд дээрээ хамтарч ажиллая гэлээ.