Шинэ мэдээ

Дорнод аймгийн V цэцэрлэгийн хүүхдүүдийн сурч, боловсрох эрхийн талаар зөвлөмж өглөө

Хүний эрхийн Үндэсний Комисс нь “Хүний эрхийн төлөө-Хамтдаа” нээлттэй өдөрлөгийг Монгол Улсын 21 аймаг, зарим алслагдсан сумдад зохион байгуулж ирсэн уламжлалтай. Тус арга хэмжээг Баруун, Хангай, Хойд, Төв, Говь, Зүүн бүсийн аймгуудад зохион байгуулахаар төлөвлөж, Комиссын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг бүсчилсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байгаа бөгөөд аймгийн 5 дугаар цэцэрлэгийн нөхцөл байдал сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандарт шаардлага хангаж буй эсэхтэй танилцаж, хүүхдийн сурч, боловсрох эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай зөвлөмж өглөө.

1 / 10

Тус цэцэрлэг нь 2-5 насны 150 суралцагч хүлээн авах боломжтой бие даасан байгууламжтай, нийт 23 ажилтан албан хаагчтай, үүнээс 11 багш, 2 тогооч 1 нягтлан, 1 эмч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Орчин нөхцөлийн тухайд цэцэрлэгийн эзэмшлийн газрыг стандарт шаардлага хангасан өндөртэй хашаагаар тусгаарлаж, цахилгаан гэрэлтүүлэг, хяналтын камер суурилуулсан нь сайшаалтай. Гэвч ISO 8124 цуврал стандартын шаардлага хангасан тоглоом хангалтгүй, тоглоомын талбайд элсээр тоглох хэсэг байгуулаагүй.

  • Цэцэрлэгийн барилга нь байгалийн болон зохиомол агааржуулалтын систем тааруу
  • Галын болон аюулгүй байдлын дохиоллын систем огт байхгүй
  • Анги, танхим, өрөөний байршлыг харуулсан план зургийг төв хаалганы ойролцоо байршуулаагүй
  • Цахилгааны холболтыг цахилгааны аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ашигладаггүй
  • Бүлгийн өрөөний халаалтын системийг хүүхэд түлэгдэх эрсдэлээс хамгаалаагүй. Осол, аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлээгүй
  • Эмнэлгийн анхны тусламжийн иж бүрдлийг шалнаас дээш байрлуулаагүй
  • Гал тогоонд тавигдах шаардлага MNS 4946:2005 стандартын үндсэн шаардлагыг бүрэн хангаагүй
  • Хоолны дээж авалт, хөтлөлт бүрэн хийгээгүй зэрэг зөрчил илэрсэн тул хүүхдийн сурч, боловсрох эрхийн хэрэгжилтийг хангах, хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс дээрх зөрчлийг нэн яаралтай засаж залруулахыг ХЭҮК зөвлөлөө.

Эх сурвалж: ХЭҮК

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version