Ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуургатай байхыг анхаарууллаа
Энэ сарын 8-наас буюу өнөөдрөөс ихэнх нутгаар цаг агаар хүйтэрч баруун аймгуудын нутаг, 9-нд зүүн аймгуудын хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуургатай байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Иймд эрхэм жолооч тээвэрчид та бүхэн шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд гарахгүй байх, холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
2024 оны 11 дүгээр сарын 09-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Арваннэгдүгээр сарын 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Энэ сарын 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11, 12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -7…-12 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -2…-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан байна.