Залуу эрдэмтэн, судлаачид “Шинжлэх ухааны залуучууд 2024” чуулга уулзалтад оролцлоо
Бүгд Найрамдах Беларусь Улсад зохион байгуулагдсан “Шинжлэх ухааны залуучууд 2024” олон улсын XI чуулга уулзалтад Монгол Улсын залуу эрдэмтэн, судлаачид оролцлоо. Тус чуулга уулзалтад 9 орны 600 гаруй залуу эрдэмтэн судлаачид хөдөө аж ахуй, биологи, анагаах ухаан, хүмүүнлэг, физик-техник, физик-математик, хими, геологийн чиглэлээр 23 салбарын хуралдаан болон судалгааны ажлаа танилцууллаа. Энэхүү олон улсын хуралд Монгол Улсаас анх удаа залуу эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсоноороо онцлог байлаа.
Чуулга уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Газарзүй, гео-экологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Философийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Физик, технологийн хүрээлэн, Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нарын албаны төлөөлөл оролцож, салбар хуралдаанууд өөрсдийн судалгааны ажлын үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Мөн тус уулзалтад оролцогчдыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Б.Баярсайхан хүлээн авч уулзсан бөгөөд хоёр орны хамтын ажиллагаа, Беларусь улсын эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарын ололт амжилтаас танилцуулан санал солилцов.Түүнчлэн залуу эрдэмтэн судлаачид Беларусийн Үндэсний шинжлэх ухааны академийн Мэдээллийн технологийн нэгдсэн хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэн, Туршилтын ботаникийн хүрээлэн, Хүнсний туршилт судалгааны хүрээлэн дээр хийгдэж буй судалгаа, туршилтын ажлуудтай танилцав. Чуулганы хүрээнд Монгол Улсын залуу эрдэмтэн, судлаачид бусад оролцогч орнуудын Залуу эрдэмтдийн холбооны үйл ажиллагаа, залуу судлаачдад зориулсан төсөл, грантын мэдээлэлтэй танилцаж, улмаар Монгол Улсын залуу эрдэмтдийн холбооны үйл ажиллагааны талаар бусад орны оролцогч нарт танилцууллаа.
Мөн түүнчлэн судлаачид өөрсдийн судалгааны чиглэлээр Беларусийн эрдэмтэн, судлаачидтай уулзалт хийж, хамтарсан судалгааны төсөл эхлүүлэх талаар санал солилцож, хоёр улсын Шинжлэх ухаан, технологийн хамтарсан төслийн уралдаанд оролцохоор тогтов.
Чуулга уулзалтаас гарсан нэг томоохон шийдвэр нь 2025 онд Монгол Улсад хоёр орны залуу эрдэмтэн судлаачдын хамтарсан чуулганыг зохион байгуулах явдал байлаа.