НийслэлFocus

Сингапур улстай хотын ногоон хөгжлийг эрчимжүүлэх талаар санал солилцов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Тео Бүүн Хий тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хотын ногоон хөгжлийг эрчимжүүлж, цахим, хүнд сурталгүй хотыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор шинэ хурдны тойрог зам, тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх LRT төсөл болон бусад цахим шийдлүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд дэлхийн ухаалаг хотуудын нэгдүгээрт жагсдаг Сингапур улсын арвин туршлагыг нутагшуулахад өндөр ач холбогдол өгч, хот төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ уламжлав. 

Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Тео Бүүн Хий цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Ташрамд дурдахад, ирэх жил Монгол Улс, Сингапур улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиох билээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version