ЕрөнхийлөгчУИХЭрүүл мэнд

“Пестицидийн хэрэглээний өнөөгийн байдал” сэдвээр хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй “Пестицидийн хэрэглээний өнөөгийн байдал” сэдэвт зөвлөлдөх хэлэлцүүлэг Төрийн ордонд /2024.10.22/ боллоо.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн С.Замира, М.Мандхай нар оролцов. Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Бейсен хэлсэн үгэндээ, Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй чухал хэсэг гэдгийг тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хүнсний хувьсгал” санаачилгыг дэмжин Монгол Улсын Их Хурал “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын хүрээнд таван зорилт, 41 үйл ажиллагааны чиглэл, 116 хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт төсөвлөснийг онцолсон.

Мөн Байнгын хороо дээрх тогтоолын хэрэгжилтэд анхаарал хандуулж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгохоор ажиллаж байна гэлээ.

Дэлхий дахины хөгжлийн шинэ чиг хандлага, уур амьсгалын өөрчлөлтөд Улсын Их Хурал гол анхаарлаа хандуулж, 2024 оны хаврын ээлжит чуулганаар Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулж, баталсныг дурдав.

Газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаагийн хэрээр пестицидийн тоо хэмжээ, нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байгааг Байнгын хорооны дарга Б.Бейсен дурдаад, манай улс пестицидийн хэрэглээний бараг 90 хувийг импортоор хангадаг гэлээ.

Энэ асуудалтай холбоотой байгууллагуудын уялдаа холбоо, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, сайжруулах, пестицидийн чанар, найрлагыг тодорхойлох лабораторийн хүчин чадал, хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, тариалан эрхлэгчдэд зөв зохистой хэрэглээг нэвтрүүлэхэд мэдээлэл сургалтыг зохион байгуулах, ургамал ургалтын хугацаанд өвчин, хортон, хог ургамалтай тэмцэхдээ мэргэжлийн сургалтад хамрагдсан байгууллага, иргэнээр хийлгэдэг байх, пестицидийн хэрэглээнд хяналт тавих тусгайлсан эрх зүйн баримт бичигтэй болох зэрэг асуудлыг анхаарах  шаардлагатай байгааг Байнгын хорооны дарга хэлэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсээд Улсын Их Хурлын даргын 42 дугаар захирамжаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан, эрчимтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Зөвлөлдөх хэлэлцүүлэг “Пестицидийн талаарх эрх зүйн орчин, хэрэглээ”, “Химийн хортой болон аюултай бодисын эрх зүйн орчин, хэрэглээ”, “Пестицид хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь”, “Ургамал хамгаалал пестицидийн судалгааны өнөөгийн байдал”, “Хүний эрүүл мэнд ба пестицид судалгааны тойм”, “Хүнсний аюулгүй байдал ба пестицидийн үлдэгдлийн хяналт”, Пестицидийн талаар авах арга хэмжээнд эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмж” сэдвээр холбогдох салбарын эрдэмтэн судлаачдын илтгэлээр үргэлжилж байна.

Зөвлөлдөх хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Эдийн засаг хөгжлийн яам,  Боловсролын яам, Байгаль орчин уур амьсгал, өөрчлөлтийн яам болон холбогдох агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага болон төрийн бус байгууллагын нийт 100 гаруй төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, сэдвийн хүрээнд асуулт асууж, санал солилцох юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version