Сюзан Лаянс: Үндэсний номын сан бол Монголын ард түмний бие даасан байдлын илэрхийлэл
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс тэргүүтэй Сенатын гишүүд 2024 оны 10 дугаар сарын 16-19-нд Монгол Улсад албан ёсоор айлчилж байна. Зочид төлөөлөгчид өнөөдөр /2024.10.18/ Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд зочилж, Монголын оюуны өв, хосгүй ховор бүтээлүүдтэй танилцлаа.
Уг арга хэмжээний үеэр Сенатын танхимын Ерөнхийлөгч, хатагтай Сюзан Лаянс “Монгол их сайхан, ардчилсан орон юм. Үндэсний номын сан хөмрөг бол Монголын ард түмний бие даасан, хараат бус байдлын илэрхийлэл гэж бодож байна. Энэ олон жилийн түүх, соёлтой танилцлаа. Биднийг нээлттэй, халуун дотноор хүлээн авсан Монголын парламентын гишүүдэд баярлалаа. Сонгуулийн шинэ тогтолцоогоор бүрэлдсэн УИХ Монгол Улсын хөгжилд том дэвшлийг авчрахын төлөө идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Австралийн Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд зочид Австралийн Холбооны Улсаас орон нутгийн номын сангийн хөгжлийг дэмжин хэрэгжүүлж буй “Хил хязгааргүй номын сан” төслийн үйл ажиллагаатай танилцлаа.
Австралийн Элчин Сайдын Яам, Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбоо хамтран 2022-2023 онд хэрэгжүүлсэн төслийн үр дүнд 21 аймаг, нийслэлийн нийтийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулж, Австралийн нийтийн номын сангийн сайн туршлагыг нэвтрүүлжээ.
Номын сангийн 800 гаруй мэргэжилтнийг чадавхжуулан, үндэсний болон дэлхийн сонгодог уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, боловсрол, мэдээллийн шилдэг бүтээлүүдээр хүүхдийн номын санг баяжуулсан байна.
Үндэсний номын сангийн дэргэдэх сан хөмрөгт монголчуудын төдийгүй Азийн олон орны бичиг соёлын 1.5 сая гаруй үнэт өв, ховор чухал дурсгал, гар бичмэл, бар хэвлэл зэрэг хадгалагддаг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.