Байгаль орчинОБЕГНҮБВидеоОнцлох

Зуданд малаа алдсанаас болоод 30 жилийн дотор 728 мянган иргэн нийслэлд шилжин суурьшжээ

Тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб, “Амгалан дэлхий” ТББ ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисстой хамтран “Өвөл, хаварт бэлэн үү” өвөлжилтийн бэлтгэлээр нэгдсэн мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр /2024.10.17/зохион байгууллаа.

Уулзалтыг нээж ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан цахимаар мэндчилгээ хүргэлээ. Тэрбээр “ЮНЕСКО-ийн хувьд боловсролын хүртээмж, тогтвортой байдлыг үргэлж дэмжин ажиллах болно. Монгол орны хувьд цас зудын гамшиг нь боловсролын хүртээмжийг доголдуулж, хүүхдийн тасралтгүй сурах эрхийг зөрчиж байна. Цаашдаа ч цаг уурын эрс тэс байдалтай нүүр тулж, байгалийн гамшиг тохиолдох эрсдэл өндөр байгаа. Ийм нөхцөл дахин үүсэхэд ирээдүй хойчийнхоо боловсролд анхаарч тасралтгүй суралцах, бэрхшээлийг давахад туслах шаардлагатай байна. Хүүхдийн сурах орчныг бүрдүүлэх, боловсрол эзэмшүүлэх гэдэг хамгийн чухал асуудал. Тиймээс өнөөдрөөс цаг агаарын хүнд нөхцөлд хүүхдүүдийн боловсролыг тасалдуулахгүй байх талаар бүх зүйлийг бэлтгэх хэрэгтэй” гэв.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Зудын сургамж, өвлийн бэлтгэл” сэдвээр тавьсан илтгэлдээ “Зуд болоход хамгийн түрүүнд зам даваа гаргах асуудал тулгардаг. Өнгөрсөн өвөл бид 138000 километр замыг туулж зам даваа гаргасан. Ингэснээр хүүхдийн хичээл сургууль тасалдах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, өвс тэжээл хүргэх нөхцөл бүрдсэн.

Бидэнд зуд нүүрлэж байсан сургамж олон бий. Жишээлбэл, 1999-2002 онд малчдын сэтгэл зүрхэнд хар толбо болж үлдсэн айхтар зуд болж байлаа. Тухайн үед 1999-2000 оны зудад 13 аймгийн 157 сумын мал өртөж, 3,5 сая мал хорогдсон. 2000-2001 оны зудад 20 аймгийн 192 сум өртөж 4,8 сая мал хорогдсон байдаг. 2001-2002 оны зудад долоон аймгийн 73 сум өртөж 2,9 сая толгой мал хорогдсон дүн мэдээ бий.

Мал аж ахуйн орон гэгддэг манай улсын хувьд зудын гамшиг нийгэм, эдийн засагт хүндээр тусдаг. 2009-2010 онд мөн л зуд болж  улсын хэмжээнд 9,7 сая толгой мал хорогдож, нийт 526 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан. Сүүлийн 77 жилийн судалгаагаар өнтэй өвөлжсөн жил 55 хувь, зудтай зутарсан жил 45 хувийг нь эзэлж байна. Өнгөрсөн жилийн зуднаар л гэхэд малчид  ихээхэн хохирол амслаа. 19 аймгийн 232 сум өртөж 7,4 сая толгой мал хорогдож, нийгэм эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Манай онцгой байдлын алба хаагч нар ч эрвийх дэрвийхээрээ ажилласан. Зудад нэрвэгдсэн малчдад аж ахуйн нэгжүүд иргэдээс нийт 4,9 тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлжээ. Иймд өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангадаг болмоор байна. Малын тоо толгойд бэлчээрийн даацад тохируулан барих, малаа эрүүлжүүлэх, худаг усныхаа тоог нэмэгдүүлэх, хашаа хороогоо дулаалах, өвс тэжээлээ сайн бэлтгэх зэрэгт анхаармаар байгаа юм. Нөгөөтэйгүүр малчин өрх хувийн бэлтгэлээ маш сайн хангамаар байна.

Хүүхдийнхээ хичээл сургуулийг тасалдуулахгүй байхад ч гэсэн малчид өөрсдөө анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн өвөл Сүхбаатар аймгийн хүүхдүүд хамгийн их хичээлийн хоцрогдолтой байжээ гэсэн судалгаа гарсан. Сумын засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэлээ маш сайн хангах шаардлагатай байна” гэсэн юм.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Л.Оюунжаргал 2023-2024 оны өвөл-хаврын цаг агаарын нөхцөл байдал ямар байсан талаар болон 2024-2025 оны өвөл–хаврын цаг аграаын урьдчилсан төлөв байдлын талаар мэдээлэл өгсөн.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан юм. Тэрбээр “Зуд нүүрлэж малгүй болсон иргэд хот суурин газрыг бараадаж амьдрахаас өөр сонголтгүй болдог. Үүнээс болоод шилжилт хөдөлгөөн нэмэгдэж хотын хүн амын тоо улам өсөн нэмэгдэж байна. 

Зуданд малаа алдсанаас болоод 30 жилийн дотор 728 мянган иргэн нийслэлд шилжин суурьшжээ. Энэ нь найман аймгийн хүн амын тоотой тэнцэж байгаа юм. Шилжин ирэгсдийн дийлэнх нь залуу гэр бүл. Нийт шилжин ирж буй хүмүүсийн 25 хувь нь зудад малаа алдсанаас болж хот бараадсан юм билээ. Ийм байдлаас болоод залуу малчдын тоо буурч байна гэж хэлж болно.

ХХААХҮЯ өнгөрсөн жил ОХУ-аас 8250 тонн малын тэжээл авч тараасан. Малгүй болсон иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор “Малжуулах хөтөлбөр” -ийг хэрэгжүүлж байна.

Мөн малчдыг дэмжих нэг арга хэмжээ бол “Шинэ хоршоо” хөдөлгөөн. Үүний хүрээнд 4467 хоршоо шинээр байгуулж, 514,8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Одоогоор 57 тэрбум төгрөгийн зээлийг судалж байна. Зээлийн батлан даалтын сангаас 2890 хоршооны 9112 гишүүн малчинд 225,7 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргалаа.

Манай улсад тэжээлийн 30 үйлдвэр ажиллаж байна. Шинээр байгуулагдаж буй үйлдвэрт тоног төхөөрөмж болон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохих түвшинд хангаж байна. Цаг уурын байдлаас харахад нийт нутгийн 70 орчим хувьд зуншлага сайн, 20 хувьд дунд зэрэг, 10 хувьд нь тааруу байсан мэдээ ирсэн. Нийт бэлчээрийн 30 хувь нь даац хэтэрсэн гэсэн судалгаа гарсан. Аймгууд чадах чинээгээрээ өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлж байна” гэлээ.

ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын Боловсролын зөвлөх Шахидул Ислам “Байгалийн гамшгийн үед боловсролын хүртээмжийг сайжруулахад салбарын яам хийгээд мэргэжлийн байгууллага ихээхэн анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. Миний хувьд ЮНЕСКО-ийн Онцгой байдлын үед боловсролын талаар авч хэрэгжүүлэх удирдамжийг орчуулан гаргаж баримтлах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Онцгой байдлын үед сэтгэлзүйн сургагч багш нарыг бэлтгэн ажиллуулах, боловсролын ажилтнуудыг чадавхижуулах шаардлага гарч буйг анхаарах нь зүйтэй. НҮБ-ын Хүүхдийн сангаас зудад нэрвэгдсэн малчин өрхийн хүүхдийн сурах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сурах бичиг тарааж гэртээ ээж аавынхаа тусламжтай хичээлээ давтах боломжийг олгосон. Нийт 150 мянган ам.долларын хөрөнгө босгож 26000 хүүхдийг сургалтын багцаар хангасан” гэдгийг хэлж байлаа.

BPRESS.mn сайтын редактор Б.Будхүү “2023-2024 оны зудын эрсдлийг сурвалжилсан нь” сэдвээр мэдээлэл өглөө.

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Бүрэнжаргал: Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зуд болоход хөдөөгийн сургуулиуд хийгээд сурагчдад ямар бэрхшээл тулгардаг талаар анх удаа судалгаа хийжээ. Судалгаанаас харахад зудын нөхцөл байдлаас хамааран орон нутгийн сургуулиудын сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сөрөг үр дагавар бий болсныг сургуулийн сургалтын менежер, багш нар онцолжээ.

Ялангуяа зудын нөхцөлөөс улбаалан зам даваа хаагдсан, гэр бүлдээ туслах гэсэн шалтгаанаар сурагчид хичээлдээ ирэхгүй байх тохиолдол багагүй байжээ. Сурагчдын хичээлдээ ирээгүй хугацаа дунджаар 6-14 хоног байна. Харин Сүхбаатар аймгийн хувьд 14 хоногоос дээш хугацаанд хичээлдээ ирээгүй сурагчид илүү олон байлаа.

Зуд хүндэрсэнтэй холбоотойгоор зам даваа хаагдаж, хичээлдээ ирэх унаагүйн улмаас сурагчид хичээлээ тасалсан тохиолдол Баянхонгор, Дундговь аймагт өндөр байжээ. Зудын үеэр сурагчдын хувьд, хичээлээ ойлгохгүй, хичээлээ нөхөж чадахгүй гүйцэхгүй болох, сэтгэл санаа тогтворгүй болох, багшаасаа айж эмээх, багш нарын дэмжлэг туслалцаа сул байх, их ядрах зэрэг бэрхшээл үүссэн талаар судалгаанд оролцсон дунд, ахлах ангийн сурагчид дурджээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version