Гадаад харилцаа

Төрийн айлчлалын албан ёсны хэлэлцээний дүнг мэдээллэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч  Сердар Бердымухамедов,

Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Төв Азийн цагаан сувд, байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо халуун дотноор хүлээн авч байгаа эрхэм хүндэт Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Танд болон Туркменистаны төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрт дээр үеэс манай хоёр ард түмэн худалдаа, арилжаа, соёлын харилцааг хөгжүүлж ирсэн түүхтэй бөгөөд энэхүү харилцаагаа өнөөг хүртэл эрхэмлэн, бие биедээ элгэмсүү дотно сэтгэлээр хандаж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Ази-Европыг холбосон “Торгоны зам”-ын зангилаа нутаг, танай сайхан оронд Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа төрийн айлчлал хийж, Туркменистан Улсын хөгжил дэвшил, Туркмений ард түмний найрсаг, зочломтгой зан заншил, түүх соёлтой танилцаж байгаадаа баяртай байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Тантай хийсэн албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө.

Бид өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ хамтдаа тодорхойллоо.

Яриа хэлэлцээний дүнгээр хоёр улсын Төрийн тэргүүн нар “Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа.

Мөн Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг нийгэм, эдийн засгийн чухал салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгууллаа.

Бид манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагаа нэн чухал гэдэгт санал нэгдэж, айлчлалын хүрээнд агаарын харилцааны болон олон улсын автотээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгууллаа.

Эдгээр баримт бичиг нь зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, улмаар худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх болно.

Хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, Монгол, Туркменистаны зах зээлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохиролцлоо.

Түүнчлэн Монгол, Туркменистаны хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны бизнес уулзалт”-ыг зохион байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Мөн манай хоёр улс түүх, соёлын дурсгалт газар, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт сайхан газруудаараа дэлхийд алдартай улс орнууд билээ.

Энэ удаагийн айлчлалаар аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай баримт бичгийг байгуулсан нь Монгол, Туркменистаны ард иргэд улс орноо харилцан сурталчлан таниулах, хоёр улсын түүх, соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж байна.

Түүнчлэн хоёр улсын нийслэл Улаанбаатар, Ашхабад хотуудын хооронд ах дүүгийн харилцаа тогтоох, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдлээ.

Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл, хамтын үйл ажиллагаанд соёл, урлагийн харилцаа үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн түүхтэй билээ.

Энэхүү сайхан уламжлалын тод илрэл болсон “Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг хоёр улсын Төрийн тэргүүний ивээл дор амжилттай зохион байгуулж, Монгол Улсын Морин хуурын найрал хөгжим анх удаа Ашхабад хотноо эгшиглэж, тал нутгийн аялгуугаар Туркмений анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад сэтгэл хангалуун байна.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Туркменистаны ойжуулалт” үндэсний хөтөлбөртэй уялдуулан байгаль орчны салбарт хамтран ажиллахаар боллоо.

Монгол, Туркменистан улс нь далайд гарцгүй орнуудын хувьд цаашид далайд гарцгүй улс орнуудын өмнө тулгарч буй тээвэр, логистик, худалдааны саад, тотгорыг арилгах чиглэлээр олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллахаар тохирлоо.

Энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Туркменистан Улс ойрын хугацаанд нэгдэхээ илэрхийлсэнд талархалтай байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Тантай Монгол, Туркменистаны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, манай хоёр орны харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйдаа сэтгэл хангалуун байна.

Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө бодит ажил хэрэг болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таныг тааламжтай цагтаа мөнх хөх тэнгэрийн орон, өнө эртний түүхт манай сайхан улсад төрийн айлчлал хийхийг урьж байгааг минь хүлээн авна уу.

Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Туркменистаны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version