Зөвлөлтийн цэргийн булш, дурсгалын газрыг сэргээх ажил хийгдэж байна
#ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ дахь ОХУ-ын Батлан хамгаалах яамны Цэргийн дурсгалын ажлыг зохион байгуулах, явуулах төлөөлөгчийн газрын ажилтнууд хуучин Зөвлөлтийн цэргийн гарнизон байрлаж байсан Тамсагбулаг хэмээх алслагдсан газар дахь өмнө нь бүртгэгдээгүй байсан цэргийн булшийг судалсан байна.
2023 онд соёлын өвийг хамгаалах “Цаг хугацаа, үе хоорондын холбоо” сангийн зохион байгуулсан эрлийн экспедицийн ажлын үр дүнд байршлын солбицолыг нарийн тогтоосон объектуудыг (84, 36 булш бүхий хоёр оршуулгын газар, ахлах түрүүч Ш.З.Гареевыг оршуулсан газар) албан ёсоор бүртгэл хийхэд шаардлагатай мэдээлэл цуглуулж, холбогдох хэмжилт хийжээ. Мөн Чингис, Чойбалсан хотуудын цэргийн булш, дурсгалт газруудад мониторинг хийсэн байна.
1939 онд Японы түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн Халхын голын байлдаан, 1945 оны 8, 9-р сарын Манжийн стратегийн довтолгооны ажиллагаа буюу Чөлөөлөх дайн, Аугаа их Эх орны дайны үеэр, мөн Монгол Улсад албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн Зөвлөлтийн цэрэг, офицеруудын дурсгалд зориулсан нийт 12 цэргийн булш, дурсгалын газруудыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүртгэж баримтжуулсан байна.
Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн газар Эх орноо хамгаалагчдын дурсгалыг мөнхжүүлэх асуудалд ихээхэн анхаарал тавьж ирсэн юм. Цэргийн булш, дурсгалт газруудад жил бүр сэргээн засварлах ажлыг гүйцэтгэдэг. Ийнхүү 2024 онд Чойбалсан хотын Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалын цогцолборт их засвар хийсэн юм. Архивын баримтад тулгуурлан нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн нэрсийг тогтоох ажлыг тасралтгүй хийж байна.
Эх сурвалж: ОХУ-ын ЭСЯ