Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан байдаг. Энэ хүрээнд Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталж, хөтөлбөрийг 2020-2024 онд үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Монгол хэлний тухай хуулийн хэрэгжих хугацаа дөхөж байгаа учраас Зам тээврийн яамны удирдлагууд төрийн албан хаагчдынхаа монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх, сэргээн сануулах чиглэлээр“Чой. Лувсанжав” хэл иргэншлийн эрдмийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.
Монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх тус сургалтыг /2024.10.04/ албан ёсоор нээж, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “Чой. Лувсанжав” хэл иргэншлийн эрдмийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Амгалан нар төрийн албан хаагчдад холбогдох мэдээлэл, танилцуулгыг хийлээ.
Энэхүү үйл ажиллагаанд монгол хэл, монгол ахуй, соёлыг судлаач, морин хуурч Франц улсын иргэн Стив Морел хүрэлцэн ирж, монгол бичиг сурч судалж буй туршлага, арга барилаасаа хуваалцаж, монгол хэл соёлын гайхамшигт утга агуулгыг судлах болсон шалтгаан, монгол ахуй, өв соёл, уламжлалын талаарх өөрийнхөө олж мэдсэн мэдээллийг хуваалцлаа.
Франц улсын иргэн Стив Морел бол Монголд 10 гаруй жил амьдарч байгаа бөгөөд чамгүй сайн морин хуурч, морин хуур урлаач гэдгийг олонх нь мэднэ. Тэрээр ЗТЯ-ны монгол бичгийн сургалтын нээлтэд зориулж, морин хуурын аялгуу эгшгээр мэндчилгээ дэвшүүлж, монгол бичгийг хөгжиж буй соёлын өвийн төрөл, уран бичлэгээр зарим төрийн албан хаагчдын нэрийг бичиж өгсөн юм.
Энэхүү монгол бичгийн сургалтад ЗТЯ-ны 130 гаруй төрийн албан хаагч хамрагдах юм.