НийтлэлВидеоБайгаль орчинFocus

Бэлчээр бол дэлхийн хүн төрөлхтний хүнсний хангамжийн эх үндэс

4 тэрбум гаруй жилийн настай дэлхийд хүн төрөлхтөн 2.8 сая жилийн өмнөөс амьдарч эхэлсэн. өнөөдөр бид 8 тэрбум гаруйд хүрсэн байна. Дэлхийн хуурай газрын 54 хувь буюу 80 сая километр квадарт газар нутгийг бэлчээр эзэлдэг. Хүн амын өсөлтийг дагасан хүнс үйлдвэрлэл, байгалийн нөөцийн эрэлт хэрэгцээ хөрсөнд хэт их дарамт учруулж сэргэх боломж олгохгүй байгааг судлаач, мэргэжилтнүүд хэлдэг.

Байгалийн болон таримал бэлчээр нь хэт ашиглалт, зүй бус хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал зэргээс үүдэн доройтож байна. Энэ нь хүн төрөлхтний хүнсний хангамжид эрсдэл учруулж, олон тэрбум хүний амьдралын чанар болон амьжиргаанд шууд нөлөөлж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн хуурай газрын 12,6 хувь буюу 5 сая гаруй километр квадрат газар нутгийг цөлжилтөд хүргэсэн нь хөгжиж буй орнуудад амьдардаг 213 сая гаруй хүний амьдрал, ахуйд шууд нөлөөлж байна.

Цаг уурын өөрчлөлтийн улмаас 2030 он гэхэд дэлхий даяар 100 сая гаруй хүн өөрийн гэр орон, төрсөн нутгаа орхин дүрвэх магадлалтайг судлаачид хэлдэг. Тэгвэл нэг хүнд ногдох газар нутаг, малынхаа тоогоор дэлхийд дээгүүрт ордог Монгол улсын нийт газар нутгийн 80 гаруй хувийг байгалийн бэлчээр эзэлдэг.

Өвөг дээдэс минь эргэх дөрвөн улирлын аясыг дагаж, мал аж ахуйгаа эрхлэн үр хойчдоо үлдээсэн. Монголчууд бид түүхийн аль ч цаг үед өлсөхийн зовлонг мэдрэлгүй өнөөдрийг хүрсэн. Гэвч сүүлийн 30 гаруй жилд нийгэм, эдийн засгийн шалтгаанаас үүдэн малын тоо толгой эрс нэмэгдэж, бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглах болсон.

Малын хөлд талхлагдсан бэлчээрийг зөв менежментээр нөхөн сэргээх бүрэн боломжтой ч цаг хугацаа шаарддаг тул нүүдэллэх сонголт хийснээр доройтсон бэлчээрийн цар хүрээг улам бүр нэмэгдүүлж байна. Гэвч цөлжилт, элсний нүүдэл, хуурайшилт нь зөвхөн бэлчээрийн мал аж ахуйгаас болоогүй. Үүнд малчдыг буруутгах учиргүй. Монголчууд нүүдлийн соёлтой, малаа дагаж амьдарсаар ирсэн түүхтэй. Гэхдээ бэлчээртэй байж мал байна. Малтай байж малчин байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт манай улсад шууд нөлөөлж байгаа. Эмзэг, хуурай газар нутагт хариуцлагагүй уул уурхай, газар тариалан эрхлэлттэй холбоотойгоор байгалийн өөрөө нөхөн сэргэх боломжийг боомилж байна.

Бэлчээрийн асуудалд илүү нухацтай хандаж, анхаарал хандуулахгүй  бол бэлчээрийн маргаанаас үүдэн хүний амь нас эндсэн тохиодол ч гарсан. Энэ асуудлыг шийдэх нэг гарц бол Бэлчээрийн тусгайлсан хууль юм. Яагаад гэвэл Монголчууд  бид жилийн дөрвөн улирлын туршид бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлэн, экологийн цэвэр, аюулгүй хүнс хэрэглэж, ашиг шимийг нь хүртэж яваа дэлхийн цөөхөн улс орны нэгд тооцогддог.

Өнөөдөр дэлхий дээр ядуурал, зөрчил мөргөлдөөн, байгалийн гамшигийн улмаас 600 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ган гачиг, үерийн давтамж нэмэгдсэнээр ургац алдаж, хүн төрөлхтний шууд оршихуйд нөлөөлж, хүнсний аюулгүй байдал, хүнсний хомсдолд хүргэж байна.

2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрч, өдөрт 118 сая тонн хүнс шаардлагатай гэсэн тооцоо бий. Гэвч тооцоолсноос даруй 76 сая тонноор дутагдах төлөвтэй байна. Тиймээс Монгол улс өөрийн давуу тал болсон бэлчээрийн мал аж ахуйгаа зөв менежментээр хөгжүүлж, бэлчээрээ хамгаалахад онцгой анхаарах цаг болсон. Энэ бол зөвхөн малчид болон энэ салбарт ажилладаг хувийн хэвшил, төрийн бус байгууллага болоод салбарын яамны асуудал биш юм.

Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдлийг бууруулахад анхаарч байгаа ч ирээдүйд тохиох бодит үнэнийг зөвөөр харж, өөрсдийн давуу талдаа түшиглэн улс орноо хөгжүүлэх, эрүүл чанартай, экологийн цэвэр хүнс дэлхийд нийлүүлэх боломж бидэнд байсаар л байна.

Бэлчээр нутаг монголчууд бидний оршихуй.  

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Танд таалагдах

Close
Back to top button
Exit mobile version