Тамхины хяналтын хууль эрх зүйн орчныг чангатгахад ДЭМБ-тай хамтрана
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Бичил биетний тэсвэржилт”-ийн асуудлаарх өндөр түвшний уулзалтын үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др.Тедрос Гебрейесустай есдүгээр сарын 26-ны өдөр Нью-Йорк хотноо хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Сайд Т.Мөнхсайхан КОВИД-19 цартахлын эсрэг дэлхий дахинд урьд хожид байгаагүй өргөн цар хүрээтэй хариу арга хэмжээг удирдаж, олон улсын эрүүл мэндийн түншүүдтэй хамтран ажиллах замаар дэлхийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээний вакцинжуулалтыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж сая сая хүний амь насыг эрсдлээс хамгаалж чадсан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг манлайлан удирдсан явдалд Др. Тедрос Гебрейусуст баяр хүргэж, цартахлын эхэн үеийн хүнд хэцүү цагт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд талархлаа илэрхийлэхийг хүсч байна гэлээ.
Тэрбээр цааш ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж байгаа бодлогын арга хэмжээнүүдээ Др. Тедрост танилцуулж, зарим асуудлаар санал солилцов.
Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиуд 2024 оны нэг болон зургаадугаар сард парламентаар тус тус батлагдсантай холбогдуулан эдгээр хуулиудын хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна гэлээ.
КОВИД-19 цартахлын үед тандалт хийж, нотолгооны чухал ач холбогдолтой судалгаа, мэдээллээр шуурхай хангах, хариу арга хэмжээг оновчтой төлөвлөх чиг үүрэг бүхий нэгдсэн бүтэц, зохион байгуулалт байхгүйгээс шийдвэр гаргалт удаашрах, оновчгүй байх, үр дүнгүй болох зэрэг бэрхшээл тулгарч байсныг тэмдэглээд үүнтэй холбогдуулан шинээр батлагдсан хуулийн хүрээнд Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах асуудлаар ДЭМБ-ын зүгээс мэргэжил арга зүйн зөвлөмж авахыг хүсч байна гэлээ. Түүнчлэн Эмийн хяналт, зохицуулалтын үндэсний байгууллагын чадамжийг ДЭМБ-аар үнэлүүлэх ажлыг урагшлуулах талаар Ерөнхий захирлыг анхаарал хандуулахыг хүсч байгаагаа илэрхийлэв.
Др. Тедрос Гебрейусус Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээнүүдийг, ялангуяа эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх замаар хүний эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг гол эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, арилгахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажилд ДЭМБ тууштай дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлага дор хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд архины хортой хэрэглээг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдийг сайшааж, үүний нэгэн адилаар Тамхины хяналтын тухай хуулинд энэ асуудлаарх олон улсын хуулийн хүчин чадалтай конвенцийн агуулгын дагуу өөрчлөлт оруулж, батлуулах чиглэлд мэргэжил арга зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх болно гэлээ.