Эдийн засагFocus

Ажлын хэсгийн гишүүд дотоодын болон импортын гурилын зах зээлийн мэдээллийг нэгтгэв

Парламентад суудалтай бүх намын төлөөллийг оролцуулан хүний эрх, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуй, дэд бүтэц, төрийн байгуулалт зэрэг тухайлсан салбаруудын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиг үүрэг бүхий 54 ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан. Ажлын хэсгүүдийн өргөтгөсөн хуралдаан, хэлэлцүүлэг, санал солилцох уулзалтууд үргэлжилж байна.

Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан “Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд баталсан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүн төвийн бүсийн тариаланчид, дотоодын үйлдвэрлэгчидтэй уулзсан бол энэ удаа нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж, борлуулагчид болон хэрэглэгчдийн төлөөлөлтэй санал солилцлоо.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара нар “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллаж, гурилын бөөний болон килограмм тутмын үнэ, тээвэрлэлт, ачилтын бусад зардлууд, мөн эрэлт, нийлүүлэлтийн талаарх зах зээлийн мэдээллүүдийг нэгтгэв. Тус худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулж буй нийт 20 гаруй бөөний цэгээс нийслэл хот болон орон нутгийн хэрэглэгчид гурил худалдан авдаг бөгөөд сүүлийн үед борлуулалт харьцангуй багассаныг худалдаа эрхлэгчид хэлж байв. 

Эдгээр цэгүүдэд дотоодын үйлдвэрүүдээс нийлүүлж буй 25 килограммын савлагаатай дээд зэргийн гурилыг дунджаар 45000-68000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа бол нэгдүгээр зэргийн гурилын үнэ 43000-55000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Түүнчлэн импортоор орж ирж буй гурилын килограмм тутмын үнэ нь харьцангуй хямд хэдий ч хэрэглэгчдийн хувьд амт, чанарыг нь харгалзан дотоодын үйлдвэрийн гурилыг түлхүү сонгодог гэж байлаа. 

Үргэлжлүүлэн ажлын хэсгийн гишүүд Сонгинохайрхан дүүргийн баруун бүс буюу Толгойт орчмын жижиглэн худалдааны газрууд, хүнсний төрөлжсөн дэлгүүрүүдээр орж гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн судалгаа, борлуулалтын мэдээллийг харьцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, гол нэрийн стратегийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулж, эрүүл, аюулгүй, баталгаат хүнсийг боломжийн үнээр хэрэглэгчдэд нийлүүлэх нь төрөөс баримталж буй бодлого, шийдвэрүүдийн тэргүүн зорилт гэдгийг тодотгосон юм. 

Ажлын хэсгийн гишүүдийн хувьд улаанбуудайн тариалалтаас эхлээд үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт гэхчилэн хэрэглэгчдийн гар дээр очих хүртэлх процессын өртөг зардал, зах зээлд оролцогч талуудын байр суурийг нэгтгэж, санал дүгнэлт боловсруулна гэж мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version