УИХFocus

Иргэн эрхээ мэддэг болсноор эрхээ хамгаалдаг, эрхээ зөрчүүлэхгүй байх үндэс нь болдог

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан баруун бүсэд ажиллаж байна. УИХ-ын дарга (2024.09.25) Говь-Алтай аймгийн Баян-Уул, Хөхморьт, Дарви, Жаргалан сумын иргэдтэй уулзлаа.

Говь-Алтай аймгийн иргэдэд баруун бүсэд хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, УИХ-аас хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил”, УИХ-ын ирэх дөрвөн жилд баримтлах стратеги төлөвлөгөөний талаар танилцуулав.

УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зорилго тавин ажиллаж байна. Төрийн гаргаж буй шийдвэр олон нийтийн санаа бодол, шаардлагад нийцэхгүй байгааг засч залруулахын тулд энэ удаагийн парламент хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хууль тогтоомжийг бий болгохоор ажиллаж эхэлснийг УИХ-ын дарга тодотголоо.

Иргэн эрхээ мэддэг болсноор эрхээ хамгаалдаг, эрхээ зөрчүүлэхгүй байх үндэс нь болдог учир хууль, эрх зүйн энэ шинэчлэлд иргэд анхаарлаа хандуулах нь чухал байна. Өнгөрсөн хугацаанд аймаг, сумдад цэцэрлэг, сургууль барих ажлуудыг хийж ирсэн бол одоо иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ бүрэн эдэлдэг байхад УИХ анхааран ажиллана гэлээ.

Бүсчилсэн хөгжлийн хүрээнд баруун бүсээс УИХ-д 10 гишүүн сонгогдон ажиллаж буй. Тэдгээр 10 гишүүн ирэх жилүүдэд бүсийн хөгжлийн төлөө хамтран ажиллаж, иргэд үр шимийг нь хүртэнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Алтай-Улиастай чиглэлийн авто зам 2027 онд Ховд-Улаангом чиглэлийн 165 км авто зам ашиглалтад орсноор баруун бүсийн бүх аймгууд хатуу хучилттай авто замаар холбогдох юм. Мөн Алтай-Бургастай боомт чиглэлийн авто замын зураг төслийн сонгон шалгаруулалт ирэх 10 дугаар сард дуусна.

Ингэснээр Говь-Алтай аймгийн Шарга, Бугат, Цээл, Алтай сум аймгийн төвтэйгээ авто замаар холбогдож, хилийн боомтоор дамжуулан эдийн засгийн өсөлт бий болно гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын үеэр тодотгов. Эдгээр авто замын бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжсэнээр баруун бүсийн иргэд өөрсдийн гэсэн зах зээлтэй болж, бүсдээ хөгжих боломж нэмэгдэнэ. Цаашлаад эрчим хүч, дулаан хангамжийн өргөтгөл, шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэснээр бүсдээ шинэ үйлдвэр барих, орон сууцны хороолол зэрэг барилга байгууламж ашиглалтад ороход эх үүсвэр нь найдвартай, тогтмол байх юм.

Улс орон даяар хэрэгжиж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Говь-Алтай аймагт гэхэд л 400 гаруй хоршоо байгуулагдаж, 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ. Урьд өмнө нь аймаг, сумдын малчдад ийм хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байсан тохиолдол байгаагүй учир малчид хоршооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Цаашид ч “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улам эрчимжүүлэн ажиллана гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version