Эрүүгийн 925 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 9 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 70 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 925 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 898 хэрэг шалгагдаж байна.
- Иргэн “Т” өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Усны газрын албан тушаалтан “М”-т албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх,
- УБЕГ-ын албан тушаалтан “О” нь хийх ёсгүй үйлдлийг хийж ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болгож, улмаар бусдад давуу байдал бий болгосон гэх,
- Увс аймгийн Өмнөговь сумын удирдах албан тушаалтан “Б”, “У” нар нь бусдад давуу байдал бий болгож, байгууллагын төсөвт хохирол учруулсан гэх,
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний хорооны гишүүд нь бусдад давуу байдал бий болгосон гэх,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын удирдах албан тушаалтан “Б” нь бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх,
- Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч “Х” нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх,
- “Б” нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “А” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх,
- Иргэн “Д” нь нийтийн албан тушаалтанд албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл хахуульд өгөхийг завдсан гэх,
- “Улаанбаатар төмөр зам”-ын удирдах албан тушаалтан “Ү” нь бусдаас хахууль авсан гэх,
- Ашигт малтмал, газрын тосны газрын удирдах албан тушаалтан “Э” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх,
- “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Э” нь бусдаас хахууль өгөхийг шаардаж авсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.