СЕХОнцлох

Сонгуульд оролцох нь үүрэг биелүүлэх биш эрхээ эдэлж байгаа хэрэг

Улс төрийн боловсрол олгох “UnFilter” подкастыг эрхлэн гаргагчдын зүгээс иргэд, уншигчдад зориулан цуврал захидал илгээдэг. Энэ удаад орон нутгийн сонгуульд яагаад бид анхааран оролцох ёстой талаар тэд ийн бичжээ.

…Хүмүүс нэгэндээ захиа бичих сайхан. Сэтгэлээ шингээсэн, сэтгэл нь нэвт үнэртсэн, бас мэдлэг мэдээлэл өгөх тийм нэг захидал уншаад сууж байхад сайхан байдаг шүү дээ. Иргэдэд улс төрийн боловсрол олгох сувгаа нээгээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ удаад ирэх аравдугаар сарын 11-нд болох орон нутгийн сонгууль яагаад чухал талаар онцлон дурдахыг хүсэж байна. Монголчууд бидний хувьд түүхэн жил өнгөрөх гэж байна. Хууль тогтоох байгууллагад өөрсдийнхөө төлөөлөл болгож 126 хүнийг илгээлээ. Таалагдсан, таалагдаагүй. Зөвдсөн буруутсан аль нь ч гэж хүмүүс үзэж байгаа хамаарал үгүйгээр бид хүчин төгөлдөр хуулийнхаа хүрээнд ардчилсан зарчмаар, элдэв зөрчил маргаангүйгээр саналаа өгч, төр засгаа байгуулав. Хэрэв сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байвал дараа нь биш өмнө нь оролцоогоороо засах боломж бидэнд бас бий.

Бид сонгуульд оролцохыг үүргээ биелүүлэх явдал гээд ойлгоод байдаг. Хүн гэдэг амьтан заримдаа үүргээс татгалзчих гээд байдаг гэмтэй. Гэхдээ сонгуульд оролцох нь үүрэг гэхээсээ эрхээ эдэлж байна гээд ойлгох нь илүү дээр. Угаасаа  Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ сонгуулиар та эдэлж байгаа хэрэг шүү дээ. Бас төр засгийн, нийслэл аймаг сумын шийдвэр гаргах ажлуудад өөрийгөө төлөөлж ажиллах хүнийг сонгож байгаа учраас угаасаа энэ бол үүргийн биш эрхийн тухай асуудал юм. Хэрэв та сонгуульд оролцохгүй байна гэвэл энэ эрхээ хэн нэгэнд шилжүүлээд өгчхөж байгаа хэрэг.

Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг таны ойр биш, хог асуудалтай, амьдрах орчны зам харгуй чинь муу, байж байгаад л боржур сольдогт бухимдал чинь төрдөг бол ер нь юу эс байх вэ дээ олон шийдмээр асуудал байдаг бол та түүнийг өөрөө очоод хийдэггүй юм гэхэд таны өмнөөс хийе гээд нэр дэвшиж байгаа хүмүүсээс зөвийг нь сонгочих хэрэгтэй юм. Тэр зөв гэж бодсон хүнээ сонгохын тулд санал өгөх өдөр эрт нь үгүй юм гэхэд цагтаа амжиж очоод саналаа өгчихдөг байх хэрэгтэй билээ. Энэ бол та оролцоогоороо эрхээ эдэлж байгаа хэрэг. Тэгээгүй байж араас нь юу ч ярьсан ямар ч үнэ цэнгүй.

Судалгаанаас харахад монголчуудын илүүд үздэг улс төрийн оролцооны хэлбэр төс засгийн байгууллагад санал хүсэлтээ тавих 52.5, радио телевиз, сонин хэвлэлд хандах 13.7, нас эвсэл хөдөлгөөнд нэгдэх 8.4, ажил хаялт, жагсаалд оролцох 7.1, өлсгөлөн зарлах 2.7 хувь байдаг гэж гарсан байдаг. Уг нь сонгуульдаа идэвхтэй оролцож, төлөөллөө сонгож, түүгээрээ оролцоогоо хангах ёстой ч бид үүн дээр жаахан хойрго хандсаар ирлээ.

Ялангуяа орон нутгийн сонгуульд бүр хойш суумтгай. УИХ-ын сонгууль гэж хаваржин бужигнаж бужигнаж, сонгуулийн үр дүн таалагдсан, эс таалагдсантай холбоотой байдаг юм уу, сонгуулиас сонгуулийн хооронд ирц буурсаар ирсэн байдаг.

Гэхдээ иргэд бидний хамгийн их ярьдаг, хамгийн их асуудалтай гэдэг зүйлсийг шийдэх хүмүүсээ яг энэ хоёр шатны иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуулиар гаргадаг шүү гэдгийг дахин дахин хэлмээр байна. Нийслэл дүүрэг, аймаг, сумдын иргэдийн хурлын төлөөлөгчдөө сонгож, энэ сонголтоороо та эрхээ эдэлж чадна шүү. УИХ-ын гишүүн, Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хийх ажлын эрх үүргийн ялгааг ялгаж салгахгүй хүмүүс олон. УИХ-ын гишүүн хууль тогтоож, хуулийн хэрэгжилтийг хянах үүрэгтэй, харин яг гэрийн хажуугийн зам, хүүхдийн сургууль цэцэрлэг гээд өдөр тутамдаа хэрэг болдог ажлыг хийдэг хүмүүсийг ирэх аравдугаар сард болох Орон нутгийн сонгуулиар тодруулах учраас хэн иргэдтэйгээ ойр ажиллах ёстой тэр хүмүүсээ гаргах нь бидний хэтэд дэмтэй юм. Сонгууль болохоос хоёр сарын өмнө шилжилт хөдөлгөөн зогсооно гээд зарлаад байхад анзаарахгүй байж байгаад гэнэт хороон дээрээ очоод уурлаад эхэлдэг гэм бий шүү, бидэнд. Харин ч хуучны дөрвөн сар хоёр сар болж багассан байгаа, одоо наймдугаар сарын 12 гэхэд бүх шилжилт хөдөлгөөн зогсоно гэдгийг анзаараарай.

Өнөө жилийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль 2020 онд батлагдсан хуулиараа явагдана. Уг нь энэ хуулийг УИХ-ын сонгуулийн хууль нэлээд өөрчлөгдөж, жагсаалтаар тодорхой хувийн гишүүдийг оруулсан шиг холимог тогтолцоогоор явагдан, нэг хүйсийн нэр дэвшигчид байх доод хэмжээ 20 биш ядаж 30 хувь руу орж ирэх, ухуулагчдын тоо хэмжээг ч цөөлнө гэсэн хүлээлт байсан ч өнгөрсөн намар сонгууль болохоос жилийн өмнө батлах хуулийн хугацаагаа өнгөрүүлчихсэн учраас өмнөх хуулиараа зохион байгуулагдаж таарна. Хууль хуучнаараа явах тусам сонгогч бидний хувьд илүү мэдрэмжтэй байх шаардлага гарна аа гэсэн үг.

Мэдээж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар хэрэгжиж эхэлсэн 25 нас хүрсэн хүн нэр дэвших эрхтэй байдаг байсан нь 18 нас болж өөрчлөгдсөн нь хэвээр үйлчилнэ. Залуучууд та нар маань хотынхоо, сум, дүүрэг, аймгийнхаа хөгжилд гар бие оролцох боломж санал өгөх эрхтэй чинь адил нээлттэй байгаа гэдгийг битгий мартаарай. Бүх насны, бүх хүйсийн, нийгмийн бүлгийн төлөөлөл бүрийн оролцоо их байх тусам бид амьдарч байгаа орчноо илүү сайхан болгож чадна.

Дөрвөн жилийн өмнөх сонгуульд 8169 суудлын төлөө 17161 хүн нэр дэвшин өрсөлдөж байсан юм билээ. Өнөө жилийн хувьд энэ тоо нэмэгдэх магадлалтайг судлаачид онцолж байгаа. Өөрөөр хэлбэл, оролцоо улам бүр нэмэгдэж байна л гэсэн үг. Гэтэл та, хэн нэгэн хүнийг “чадах” гэж байгаа мэт “Яршиг, тэр сонгуульд нь оролцохгүй ээ” гээд сууж байгаа юм биш биз. 1992 оноос хойш сонгуулийн ирц сонгуулиас сонгуульд буурч байсан үе бий. Ялангуяа орон нутгийн сонгууль дээр. 2012 онд зарим аймаг, дүүрэгт ирц хүрээгүйгээс дахин сонгууль зарласан ч удаатай. Гэхдээ одоо ирц хамаарахгүй болсон. Өөрөөр хэлбэл, босго байхгүй. Хэдэн хүн санал өгсөн түүгээр хүчин төгөлдөр тооцогдоно. Тэгэхээр та санал хураалтад оролцохгүй байснаараа хэн нэгнийг чадаж байгаа биш таны санал, оролцоогүйгээр бүх зүйл явна аа гэдгийг л ойлгочих хэрэгтэй. Дараа нь ийм ч нам гарахгүй байсан, ийм ч хүн гарахгүй байсан, ийм ч ажил хийсэнгүй гээд гомдоллоод нэмэргүй. Та өөрийнхөө хүсэлтээр тойргоос гарсан шүү дээ.

Нөгөө талаас сонгогч хүн үнэ цэнтэй сонгогч байхыг хүсдэг. Өөрөөр хэлбэл, хэн гэдэг нэр дэвшигч олны санал авч сонгогдчих гээд байгааг ажиглаж байгаад саналаа өгдөг. Миний санал өгсөн хүн сонгогджээ гэх нь сайхан санагддаг гэсэн үг л дээ. Харин үүнийхээ оронд нэр дэвшигч нараа илүү судлаарай гэж зөвлөмөөр байна. Жинхэнэ газар дээр тулж ажиллах хүмүүсээ сонгох гээд байна шүү дээ.

Сонгуульд оролцсоноор таны хэн нэгний өмнө хүлээсэн үүрэг биелүүлээд байгаа биш шүү. Харин та Монгол Улсын иргэнийхээ хувьд эрхээ эдэлж байна. Эрх эдлэхэд дургүй хүн байдаг бил үү. Ирж эрхээ эдлэх өдөр чинь 2024 оны аравдугаар сарын 11 шүү.

Танд амжилт хүсье.

 “UnFilter” подкастыг эрхлэн гаргагч Э.Энэрэл, Б.Анхзаяа

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version