ЕрөнхийлөгчБоловсролЭрүүл мэнд

Сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиуд “Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөр”-тэй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд цогц бодлогын ажлыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудад “Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөр”-ийг шинээр боловсруулан нэвтрүүлэхээр сүүлийн 2 жилийн хугацаанд хамтарсан баг гаран ажиллаж байна.

Зургаан их, дээд сургуулийн хамтарсан ажлын хэсгийн төлөөлөл өнөөдөр “Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөр” боловсруулж холбогдох талуудад танилцуулан хүлээлгэн өглөө.

Манай улсын хувьд 11 их, дээд сургуульд жилдээ дунджаар 700 гаруй сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэн төгсгөдөг байна. Эдгээрээс эхний ээлжид томоохон 5 сургуульд хөтөлбөрийг энэ оны хичээлийн жилээс нэвтрүүллээ.

УИХ, Засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа эхлүүлсэн уг ажил ийнхүү амжилттай хэрэгжиж олон улсын жишгийн дагуу хөтөлбөрийг Монгол Улсын их, дээд сургуулиудад ийнхүү нэвтрүүллээ.

Т.Мөнхсайхан сайд хэлэхдээ “Нийтийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээлэл чухал нөлөөтэй. Олон улсад бүх нийтийн эрүүл аж төрөх зан үйлийг сайжруулахад мэргэшсэн сэтгүүлчдийн үүрэг, оролцоог эрчимжүүлж, улмаар дээд боловсролын хөтөлбөртөө мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэж байна.

Эмч алдаа гаргавал нэг хүний эрүүл мэндэд аюул учирдаг бол сэтгүүлч алдаа гаргавал нийгмийг аюулд учруулж болох эрсдэлтэй. Тиймээс бид олон улсын жишгийн дагуу эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх алхмыг эхлүүлээд байна. Хөтөлбөр боловсруулсан ажлын хэсэгт талархал илэрхийлье” гэлээ. 

Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, ЕТГ-ын ЭМХТХХА-ны дарга О.Чимэдсүрэн болон МУИС, ХУИС, МУБИС, СУИС, ОТИС, МЭМСЦҮХ зэрэг холбогдох байгууллагын 20 гаруй төлөөлөл оролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version