Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+тогтвортой” болгон ахиулжээ
Олон улсын “Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиулав. Тус агентлагийн энэ шийдвэр манай эдийн засаг 2012 онд хүрч байсан түвшиндээ ойртож байгааг илтгэж байна. Энэ нь Засгийн газраас зарласан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд гарааны эерэг нөхцөлийг бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолжээ. Зээлжих зэрэглэл дээшилснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлдэг аж.
“Фитч” агентлагийн тайланд “Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлж, гадаад өрийн дарамтыг бууруулснаас гадна гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол сайжирсан. Үүнийг дагаад төсвийн сахилга бат ч сайжирсан. Эдийн засгийн өсөлт ба хамтарсан засаглал нь улс төрийн тогтвортой байдлыг илэрхийлж, Засгийн газрын бодлого цаашид үргэлжлэх дохио болсон зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрахад голлон нөлөөлсөн” хэмээн дурджээ. “Фитч” агентлаг бол АНУ-д төвтэй олон улсын үнэлгээний байгууллага юм.