ЗТЯ: “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагааны бага хурал-2024”-т оролцож байна
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулсан төлөөлөгчид энэ сарын 09-12-ны өдрүүдэд БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон Солонгосын олон улсын хэмжээнд дэд бүтцийн ажил гэрээгээр гүйцэтгэгч нарын нийгэмлэгээс зохион байгуулж буй Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагааны бага хуралд оролцлоо.
Энэ бага хурал нь дэлхий дахинаа дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн боломжуудын талаар мэдээлэл солилцох, төр хувийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Хурлын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон бусад оролцогч олон улсын байгууллагууд, санхүү, зээл тусламж, хөрөнгө оруулалтын байгууллагуудтай уулзаж, мэдээлэл солилцлоо. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сэргээн баригдахаар болсон “Шинэ Хархорум” хотын олон улсын нисэх онгоцны буудал, Улаанбаатар-Хархорин хот чиглэлийн 385 км төмөр зам барих, бусад зам, тээврийн дэд бүтцийг байгуулах төслүүд дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн тус хуралд Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Монгол Улсын зам, тээврийн дэд бүтцийн хөгжлийн талаар илтгэл тавьсан юм. Уг илтгэлд Монгол Улс нь өргөн уудам нутаг дэвсгэртэй ч далайд гарцгүй, хойд талаараа ОХУ-тай, урд талаараа БНХАУ-тай хил залган оршдог тул манай улс “Гуравдагч хөршийн бодлого”-оор дамжуулан дэлхийн улс орнуудтай худалдаа, эдийн засаг, нийгэм, улмаар Ази–Европыг холбосон авто замын нийт 5 босоо коридор, 3 хэвтээ коридорыг байгуулан, хоёр хөрштэйгөө 15 гарцаар холбогдож, дамжин өнгөрөх ачаа тээврийн болон дотоодын экспортын бараа бүтээгдэхүүний тээврийн боломжийг өргөтгөхийг зорин ажиллаж байгааг дурьдав. Эдгээр төслүүд дээр олон улсын дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулагч байгууллагуудыг хамтран ажиллахыг урьсан юм.