НҮББайгаль орчин

Намрын өдөр өвлийн зудыг сануулахад…

Манай орны ихэнх нутагт бороо хуртай, налгар сайхан зун, намар тохиов. УЦУОШГ-ын мэдээгээр зундаа цаг агаар Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөхөн сумдын нутгаар муу гэж үнэлэгдсэн байна.

Гэвч.., гэвч намар дагаж налайж, найр дагаж хэссээр явбал ямар ч сайхан цаг агаар, бэлчээр байгаад зуд нь ирэхэд дарлуулна. Ялангуяа бэлчээрийн хүрэлцээ, өвсний өтгөнд “найдаж” ирсэн зүүн бүсийн малчид 2023-2024 оны цагаан, мөсөн зудад илүү өртсөнөө санаж, энэ өдрүүдэд хадлан тэжээлийн ажилдаа хөлс хүчээ шавхаж буй биз ээ.

Бэлчээрийн даац хамгийн их буюу 3-5 дахин, түүнээс их хэтэрдэг баруун бүсийнхэнтэй харьцуулахад зүүн нутгийнхан “азтай”. Гэвч уур амьсгалын доройтол, зудын гамшигт Монгол орны газар нутаг зүүн, баруун, хангай, говь ялгалгүй өртөхийг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт тохиосон өнгөрсөн өвөл, хаврын гамшиг сануулсан. Яаж гэдгийг эргэн саная.

НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн хяналт, үнэлгээний багыг зүүн бүст өнгөрсөн 08 дугаар сард ажиллах үеэр нутгийн иргэдтэй уулзаж ярилцсанаас товчиллоо.

ЗУДНААР УРУУДСАН 10 000 ТОЛГОЙ МАЛ ОЛДООГҮЙ

Хэнтий аймгийн Баянхутаг суманд 2023 оны өвөл малчид өвөлжөөндөө бууж амжаагүй байхад цас дараалан орж, хүчтэй шуурч мал уруудав. 30-40 мянган толгой мал цасан шуурганд уруудсанаас хагас жил өнгөрөөд байхад, сая 8 дугаар сард 10 гаруй мянган малын сураг нь ч гарсангүй. Ид цаснаар зарим малчид 200 гаруй км-ын цаанаас малаа олсон бол зарим нь техниктээ түлш шатахуунгүй, өөрсдөө тамир тэнхээгүй болж эрлээ зогсоож байлаа.

Малгүй болсон айлын, залуусын нүүдэл Оюутолгой, Улаанбаатар луу нэг хэсэгтээ цуварсан даа. 330 мянган толгой мал тоолуулж байсан тус сумынхан сүүлийн ганц жилийн байгалийн гамшгаар 30 хувиа алдсан нь харамсалтай. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин эмэгтэй 300 гаруй үхрээс тугалтай хоёр үнээтэй үлдсэнээ хоолой зангируулан ярьж л байв.

ЯНДАН ХАЙХЫН УЧИР

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нийт нутгийн 90 гаруй хувь нь цагаан зудтай, 8 хувь нь төмөр буюу мөсөн зудтай, цасны зузаан хунгарлаж шуурсан газраа 60 хүртэл см-тэй байв. Энэ сумынхан мөн л нийт малынхаа 30 шахам хувийг алдаж, хүн малгүй хавартаа туйлдсанаас зарим нь шуурганд уруудсан адуугаа дийлэхээ байж орхив. “Мэнэнгийн талаар л орсон гэсэн. Одоо болтол гурван азарга адуугаа огт олоогүй” гэж Сүхбаатар сумын малчин бүсгүй Ж.Отгонцэцэг ярина билээ.

“Нимгэн өмдтэй байхад анхны цас орсон. Аймгийн төвд жирэмсэн эх хүргэж өгөөд буцах замд нэлээн шуурсан. Тэр цас хайлж амжилгүй нэмж орсон. Цасанд даруулсан айлын гэр харагдахгүй тул бид яндан л хайж явсан.” гэсэн Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Алтантуяагийн яриа тэр цагийн нөхцөл байдлыг тод илтгэв.

Өглөө босоход л мал нь 100, 100-аараа үхээд байхаар малчид сэтгэл санаагаараа маш их хямардаг юм байна. Бодож шаналаад унтаж чадахгүй. 1600 гаруй малаас нь 40, 50 толгойтой үлдсэн айл ч байна. Сэтгэлзүйчтэй уулзуулсан нь их хэрэгтэй байлаа гэж байсан юм.

Сүхбаатар аймгийн малчдын сүүлийн ганц жилд байгалийн гамшигтай нүүр тулсныг цөөн жишээгээр хэлэхэд ийм. НҮБ-ын ХХААБ зудын эрсдэлийг бууруулах тусламжийнхаа 40 гаруй хувийг зөвхөн энэ аймагт хуваарилсан нь тохиолдлын хэрэг ч биш юм.

Дорнод аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Д.Наранхүүгийн мэдээлснээр нийт 11 сум цагаан зудтай өвөлжиж, 300 гаруй мянган толгой малаа алджээ. Ийм хорогдлыг ойрын хэдэн жилдээ амсаагүй гэж малчид нь ярьж байв.

Дорнод аймгийн Чойбалсан суманд гэхэд л 30 гаруй мянган толгой хорогдсоны ихэнх нь өлдөж хөлджээ. “Малчид ч марташгүй сургамж авсан байх. Яг үнэндээ дэлгэр цагаар аймгийн төв орчихдог. Мал нь тааваараа бэлчиж байгаад л ирдэг” гэсэн сумын ИТХ-ын дарга Ч.Ууганбаярын шүүмжлэл ч бас зарим малчдын тухайд оргүй биш. Өвс тэжээлээ тооцож бэлтгэхдээ малынхаа тоо толгойг, байгалийн гамшиг тохиож болох цаг хугацаатай нь давхар сайтар тооцож байхыг 2023 оны зуд хатуу сануулсан юм.

Дээрх нөхцөл байдал нь Монгол оронд сүүлийн 50 жилд тохиогоогүй зудын гамшгийн багахан дүр зураг. 2023-2024 онд тохиосон зуднаар 7400 000 мал хорогдож, 4800 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан гэж Засгийн газар мэдэгдсэн.

“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОЛОЛТООР ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВАХ АРГА ЭРЭЛХИЙЛЬЕ ”

Зудын эрсдэлийг бууруулахад дотоод гадаадын, төр, хувийн хэвшлийн тусламж ч багагүй өрнөсөн. НҮБ-ын тухайд Онцгой байдлын нэгдсэн сангаасаа малчдад зудын гамшиг, хүндрэлийг даван туулахад 1,5 сая ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөж, Хүн амын сан, Хүүхдийн сан, ХХААБ-аараа дамжуулан зохион байгуулж байна. Тусламжийг үр дүнтэй хүргэхийн тулд нарийвчилсан судалгааг 2023 оны 10 дугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл хийснээ мэдэгдсэн. Мөн тусламж хүргэсний дараа ч үр дүнг энэ оны 9 сар хүртэл судалсан байна. Ингэхдээ говь, зүүн, баруун бүсийн малчин өрхүүдээр орж, нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцжээ.
НҮБ-ын тухайд малчдыг сайн ажиллаж, хариу арга хэмжээг үр дүнтэй авсны хүчинд гамшгийг өдий зэрэгтэй давсан гэж дүгнэсэн.

НҮБ-ын Монгол улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра “Малчдыг урт богино хугацаанд дэмжинэ. Тэднийг уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад сургаж, зөвлөж чадавхжуулах хэрэгтэй. Цаашдаа малчид шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан өвлийг өнтэй давах аргыг эрэлхийлж, өнтэй давж, эдийн засгаа сэргээсэй.” гэж байсан юм.

НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа:
Хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх нь бидний зорилго. Дараа жил ч зуд болохыг үгүйсгэх аргагүй. Тиймээс бидний дараагийн хийх ажил бол малчдаа чадавхжуулах юм. Үүнд 500 000 ам доллар зарцуулна.” гэлээ.

НҮБ-ын Хүн Амын Сангийн тэргүүн Халид Шарифи “Бидний гол зорилт эмэгтэйчүүд, охид, залуус. Онцгой байдал, гамшгийн үед эмэгтэйчүүд, охидын боловсролын үйлчилгээ хүртэх боломж хязгаарлагддаг. Гамшигт өртсөн гэр бүл, ялангуяа охид, эмэгтэйчүүд санхүүгийн хямралд ордог. Тиймээс хүн амын сан санхүү, эрүүл мэнд, бэлгийн боловсролтой байхад зориулж 300 000 ам доллар зарцуулахаар хөрөнгө босгосон” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэнийг энд зориуд оруулав.
Байгалийн гамшгийг эрсдэл багатай даван туулах эсэх нь Монголын 200 000 малчдаас шалтгаалах ч дан ганц тэдний ч асуудал биш юм. Мал нь онд, малчид нь баян байг ээ.

Д.Эрдэнэтуяа Д.Даваадулам.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version