ХБНГУ-ын “Уул уурхайн академи” техникийн их сургуультай хамтран ажиллана
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ХБНГУ-ын “Уул уурхайн академи” техникийн их сургуулийн Уул уурхайн институтын захирал доктор Дребенштедтыг хүлээн авч уулзлаа
Уулзалтад Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, сайдын зөвлөх Л.Чой-Иш, Техник технологийн хэлтсийн дарга Г.Намчинсүрэн, ХБНГУ-ын Фрайберг хотын “Уул уурхайн академи” техникийн их сургуулийн Уул уурхайн институтын захирал Др Дребенштедт, ШУТИС-ийн ГУУС-ийн хамтарсан төслийн зөвлөх Д.Баяр нар оролцож Монгол Улсаас ХБНГУ-д уул уурхайн мэргэжилтэн, боловсон хүчнүүдийг бэлтгэх, мэргэжлийн зэрэг дээшлүүлэх асуудлаар хамтран ажиллах санал солилцов.
Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ХБНГУ нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд томоохон хөрөнгө оруулагчдын нэг, Монгол Улсын эдийн засгийн салбарт чухал үүрэгтэйг онцлоод, манай улсад нарийн мэргэжлийн инженер хүний нөөцийн хувьд нэн тэргүүнд шаардлагатай байгаа бөгөөд үйлдвэрлэлийг хөгжүүлэх томоохон хөшүүрэг гэдгийг онцолж, уул уурхай, газрын тосны мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Засгийн газар хоорондын зүгээс санал солилцох, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн 2011 онд байгуулагдсан хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн үр дүнд 2013 онд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн сургууль байгуулагдаж өдгөө амжилттай үйл ажиллагаа явуулж байгааг салбарын сайдын зүгээс дурдав. Мөн цаашид газрын ховор элементээс гадна, батарейн түүхий эдийн судалгааг хамтарч хийх, нарийн мэргэжлийн инженерүүдийг хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-д сургаж, бэлтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Төгсгөлд нь 2024 оны 10-р сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Уул уурхайн долоо хоног” “Mining week-2024” арга хэмжээнд Германы их дээд сургуулийн төлөөлөгчид, компани аж ахуй нэгжүүдийг оролцохыг урив.
ХБНГУ-ын Фрайберг хотын “Уул уурхайн академи” техникийн их сургуулийн Уул уурхайн институтын захирал Др Дребенштедтын зүгээс хоёр улсын Засгийн газар хооронд уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэхэд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр Засгийн газар хооронд хамтарч ажиллах сонирхолтой буйгаа уулзалтын үеэр илэрхийлэв.