СурвалжлагаНҮББайгаль орчинОнцлох

НҮБ-ын тусламж хийгээд мөсөн зудын мартагдашгүй сургамж

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас зүүн гурван аймагт ажиллах хяналт, үнэлгээний багийн гишүүдтэй мэнд мэдэн уулзсанаар шинэхэн долоо хоног (2024.08.05)-ийн ажил эхэллээ. Улсын нийслэлээс зүүн урд зүгт 54 км орчим зайд, Туул голын урд дэнж дээр байрлах Их Эзэн Чингис хааны морьт хөшөөнөөс бид зүүн аймгуудын зүг хөлгийн жолоо залав.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Техникийн зөвлөх, доктор С.Жигжидпүрэв энэ удаагийн томилолтын багийг ахалж, НҮБ-ын Суурин зохицуулагчийн Ажлын албаны хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн ажилтан Б.Сувдаа, НҮБ-ын ХХААБ-ын төслийн мэргэжилтэн Б.Энхтуяа, төслийн мэдээлэл харилцааны туслах ажилтан Ц.Батжаргал, Захиргаа, санхүүгийн ажилтан М.Оюунчимэг нар бүрэлдэхүүнд багтсан юм.

НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн хяналт, үнэлгээний багтай “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубын гуравдугаар ээлжийн баг наймдугаар сарын 5-наас зүүн гурван аймагт ажиллаж, малчидтай уулзан, тусламжийн дараах үнэлгээ, зудын хариу арга хэмжээний үр нөлөө болон малчдын амьжиргааг нөхөн сэргээх хэрэгцээ, шаардлагын судалгаа хийснийг сурвалжиллаа.

ЦАГАА ОЛСОН ТУСЛАМЖ

Томилолтын баг Хэнтий аймгийн Баянхутаг суманд очиж, малчидтай уулзлаа. Доктор С.Жигжидпүрэвийн танилцуулснаар, НҮБ-ын ХХААБ, Хүн амын сан болон Хүүхдийн сан хамтран НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас 1.5 сая ам.долларын санхүүжилт босгож, Монгол оронд тохиосон зудад нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргажээ.

Энэ хүрээнд НҮБ-ын ХХААБ зудад нэрвэгдсэн малчин өрхүүдийн амьжиргааг хамгаалах зорилгоор зудын хохирол нэн их 15 аймгийн 108 сумын зорилтот бүлгийн 2464 малчин өрхөд хоёр удаагийн хүмүүнлэгийн бэлэн мөнгөн тусламжаар нийтдээ 1 сая 320 мянган төгрөг олгожээ. Энэ нь малчин өрхүүд өөрсдийн тулгамдаж буй хэрэгцээндээ зарцуулах нөхцөлт бус бэлэн мөнгөний тусламж байжээ.

Бэлэн мөнгөний тусламжид 500 хүртэлх толгой малтай байсан ч зудын улмаас малынхаа 30-90 хувийг алдсан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн болон хөхүүл эхтэй, 14-өөс доош насны хоёр ба түүнээс олон хүүхдээ ганцаараа өсгөж байгаа эцэг эх, нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагддаггүй залуу өрх зэрэг хүн ам зүйн эмзэг байдлын шалгуурт нийцсэн өрхүүдийг сонгон хамруулжээ.

Эхний удаагийн бэлэн мөнгөний тусламжийг НҮБ-ын ХХААБ-ын Онцгой байдал, сэргээн босголтын тусгай сангийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний эх үүсвэрээс санхүүжүүлж олгосон байна.

Түүнчлэн НҮБ-ын ХХААБ тусламжийн хүрээнд хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 3.3 сая тун вакциныг Мал эмнэлгийн ерөнхий газарт хүлээлгэн өгсөн байна.

Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас 6700 хүүхдэд зориулж олон төрлийн хүнсний нэмэлт тэжээл, 3300 гаруй жирэмсэн болон хөхүүл эхэд хүнсний нэмэлт тэжээл олгожээ. 

Харин Хүн амын сан зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл ахуй, ариун цэврийн багц тусламжийг есөн аймгийн 62 сумын 4000 гаруй охид, эмэгтэйчүүдэд хүргэсэн байна. Түүнээс гадна 0-5 настай хүүхэд, хөхүүл эмэгтэйчүүдийн бичил тэжээлийн тусламжийг эрүүл мэндийн төвөөр дамжуулан олгожээ.

Хүмүүнлэгийн тусламж эзэндээ хүрсэн эсэхэд хяналт, үнэлгээ хийх ажлыг зайнаас болон биечлэн зохион байгуулж буй хүрээнд НҮБ-ын ХХААБ, Хүмүүнлэгийн багийн хяналт, үнэлгээний баг ийнхүү орон нутагт ажилласан юм.

НҮБ-ын ХХААБ-ын мөнгөн тусламжид Баянхутаг сумын 37 өрх хамрагджээ. Нутгийн малчин иргэд анхны цас ороод, удалгүй дахин цас дарсны улмаас зам харгуй хаагдаж, бензин шатахуун хомсдож, нөхцөл байдал маш хүнд байсан. Энэ үед НҮБ-ын ХХААБ-ын хоёр удаагийн мөнгөн тусламж, малчин охид, эмэгтэйчүүдэд олгосон эрүүл мэндийн багц, хүүхдийн бичил тэжээлийн тусламж үнэхээр цагаа олсон тусламж болж чадсан талаар ам уралдан ярьцгааж байлаа.

ОДООГИЙН БАЙДЛААР 10 ГАРУЙ МЯНГАН МАЛ ЯМАР Ч СУРАГГҮЙ БАЙНА

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ганзориг:

Манай сум 330 мянган толгой малтай байснаас өнгөрсөн зуднаар 112 мянган толгой мал хорогдсон. Олдоогүй байсан 30-40 мянган малаас одоогийн байдлаар 10 гаруй мянган мал ямар ч сураггүй байна.

Өвс тарчигдуу байсны дээр айлууд өвөлжөөндөө бууж амжаагүй байхад ойрхон хоёр удаа цас орж, хүчтэй цасан шуурга тавьж, мал уруудсан. Хонь, үхэр нэлээн хол явж, 200 гаруй км-ын цаана очсон. Малчид эрэлд гарсан ч сүүлийн цас орсны дараа ямар ч түлшгүй болж, малдаа явж чадахгүйд хүрсэн. Ганц нэг морьтой нь хонь, малаа хариулаад үлдсэн. Энэ хавар бороо ихтэй, өвс ургамал сайхан ургаж байна.

НҮБ-ын ХХААБ-ын тусламж цагаа олсон, эздэдээ хүрч байна. Манай сумын 37 малчин өрхийн дансанд мөнгөн тусламжийг шилжүүлсэн. Хүүхдэд өгч буй бичил тэжээлийг эмнэлгээр дамжуулж өгч байна. Ариун цэврийн хэрэгсэл гээд тусламж сум дээр ирэнгүүт нэрсийн дагуу хайрцагтай чигээр нь эздэд нь өгсөн.

Малгүй болсон залуу малчид нэлээн шантарсан, зарим нь Оюутолгой, Улаанбаатар руу явж байна. Манай сумын нийт малын 30 гаруй хувь хорогдсон.

Малчдыг өөрсдийнхөө хариуцлагагүйгээс малаа хорогдуулсан гэж хэлэхэд хэцүү. Цагийн байдал ямар байсан бэ гэдгийг ойлгох ёстой. Өвс тэжээлээ гүйцэд татаагүй эхний цас орсон, хатааж байгаад татна даа гэтэл сүүлийн цас нэмж дарсан. Айлууд өвөлжөөндөө хүрч чадахгүй, малчид малаа уруудуулсан. Нүүе гэхэд түлш байхгүй. Хуучин шиг тэмээ, үхэр тэрэг байхгүй. Машинаа хөдөлгөе гэхэд түлш, бензин юу ч үгүй болсон. 

“ХАДЛАН БОРДОО, ТЭЖЭЭЛЭЭ ӨӨРСДИЙН НӨӨЦ БОЛОЛЦООГ АШИГЛАЖ БЭЛДЭХЭЭР ШИЙДСЭН”

Баянхутаг сумын 1-р багийн малчин Б.Отгонцэрэн:

-Өнгөрсөн жилийн өвөл манай суманд мөсөн зуд болсон. Маш их хохирол амссан ч одоогийн байдлаар өвс ногоо сайхан ургаж, дэлгэр зун, намрыг үзэж байна. Хоёр жил дараалан зуд боллоо. Малчид маань өчнөөн мянган толгой малаа алдлаа. Өөрсдөө ч хохирол амслаа. Тийм учраас хадлан бордоо, тэжээлээ нэн даруй өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглаж бэлдэхээр шийдсэн. Энэ жил хадлан тэжээл ургац ихтэй байгаа учраас энд тэндээс татаж авч байна. НҮБ-ын ХХААБ-аас олгосон тусламж малчдад маш хэрэгтэй зүйл байлаа. Түлээ нүүрс, гурил будаа, түлш тасарсан үед их хэрэг болсон. Баярлалаа гэж хэлье.

Багийн Засаг дарга Д.Буянбат:

-Манай сум 2546 иргэнтэй. Нийт 800 гаруй малчин өрхтэйгөөс 340 гаруй нь эмэгтэй малчин байдаг. Одоо цаг өөр болсон. Эмэгтэйчүүд голдуу хүүхдээ аваад, сургууль цэцэрлэгт нь аваачиж сургадаг. Айлын эзэн мал дээрээ үлдээд, амьдрал нь хоёр хэсэгт хуваагдчихдаг хүндрэлтэй асуудал үүсэж байна. Манай суманд байгаа малчин залуусын тэн хагас нь эхнэргүй амьдарч байна. Тэд салж сарнисангүй, сургууль соёлын асуудлаас болоод хоёр талд амьдраад байна. Зөрчил маргаан гарах тохиолдол ихсэж байна. Тиймээс төр засаг иргэд, малчин залуустаа Гэр бүлийн тухай хууль, хамтын, гэр бүлийн амьдралын талаар сургалт зохион явуулбал зүгээр болов уу гэж бодож байна.

“ҮЛДСЭН ХЭДХЭН МАЛАА БОРЛУУЛНА”

Томилолтын багийн дараагийн очсон сум Баян-Овоо байлаа. Өвөлжилтийн хүндрэлээс үүдэж, Баян-Овоо суманд энэ жил 28051 мал хорогджээ. Энэ нь тус сумын нийт малын 17.6 хувийг эзэлж буй бөгөөд есөн цэг бий болгон, үхсэн малаа цэвэрлэх ажил зохион байгуулсан байна. Баян-Овоо суманд дайчлах том оврын машин техник байхгүй тул түрээсээр авчирч ажиллуулжээ.

Доктор С.Жигжидпүрэв тус сумын малчдын төлөөлөл болох Л.Гомбосүрэнгийнд очиж, зудын нөхцөл байдал болон НҮБ-ын ХХААБ-ын тусламж дэмжлэг хэр нэмэртэй байсан талаар ярилцаж, судалгаа авлаа.

Гэрийн эзэн эзгүй, эхнэр нь “Энэ жил мал бараг байхгүй болсон. Зарим нь сураг гараад огт олдохгүй юм. Уг нь 300 гаруй үхэртэй байсан, одоо 2 үнээ байна. Хонь 100 гаруй байснаас 30 гаруй, ямаа мөн 30 гаруй, 2 тугал үлдсэн” хэмээн ярив.

Л.Гомбосүрэнгийнх сумын төвөөс 50 орчим км зайд буюу “Тогоот” гэдэг газар өвөлжжээ. Цас зуд ихтэй, өвөлжилт хүндэрсэн үед эрүүл мэндийн үйлчилгээ авах ямар ч боломжгүй, зам харгуй хаагдсан байна. Тэтгэврийн насны хоёр хөгшин өвөлжилтөд хэрэндээ л эртнээс бэлдсэн ч хүрээгүй аж. Гэрийн эзэгтэй хашаа хороогоо сайтар дулаалж чадаагүй байснаа “хүлээн зөвшөөрсөн” юм. Тэд тэтгэврийн, малчны зээлтэй бөгөөд энэ жил байгаа малаа борлуулахаар төлөвлөж байгаагаа хэлэв.

Тус өрх сум орон нутгаас ямар нэгэн тусламж аваагүй бөгөөд НҮБ-ын ХХААБ-аас олгосон мөнгөн тусламж, эрүүл ахуйн багц нэг хайрцгийг хүлээн авч, амьдралд нь багагүй нэмэр болсныг хэлээд, талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Сумын Засаг даргын орлогч М.Энхцэцэгийн мэдээлснээр, Баян-Овоод нөхөн төлбөр авах малчид цөөнгүй байгаа аж. Малын индексжүүлсэн даатгал хийлгэснээр банкны хүү нэг хувиар буюу одоо 1.8 байгаа нь 1.7 хувь болж буурдаг. 24 юм уу, 36 сараар зээл авахдаа даатгалыг 12 сараар хийдэг байна.

Эрсдэл гараад даатгалаас нөхөн төлбөр авах гэхээр даатгалын хугацаа нь хэдийнэ дууссан байдаг тул Малын индексжүүлсэн даатгалын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэйг хэлсэн юм. Тус сум 2018 онд Малын индексжүүлсэн даатгалд хамрагдаж байжээ. Тэр үед иргэн бүр даатгалын хууль мэддэггүй байж. Хожим мэдээд, нэг хэсэгтээ бүгд даатгал руу “хошуурчээ”. Гэхдээ өнөөдрийн байдлаар малчид даатгалын үр шимийг үнэхээр хүртэж чадахгүй байгааг хэлж байлаа.

“3000 ТОЛГОЙ МАЛААСАА ЯАГААД БОРЛУУЛЖ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ”

Бидний дараагийн очсон сум Сүхбаатар аймгийн Түмэнцогт юм. Тус аймгийн нийт нутаг дэвсгэрт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, 92.6 хувь нь цагаан зудтай, 7.7 хувь нь (Түмэнцогт сум) төмөр буюу мөсөн зудтай, цасны зузаан 20-35 см, хунгарлаж шуурсан газартаа 40-60 см-тэй байжээ.

Түмэнцогт сумын Засаг даргын орлогч дарга Х.Гүрсоронзон хэлэхдээ “Манай сум 120 орчим толгой мал тоолуулснаас нийт 27 орчим хувь буюу 31 мянган толгой мал хорогдсон. Уул уурайн ашиглалтын гурван компанитай. Энэ өвөл зам гүвээ хаагдахад хүн хүч, түлш тосоор тусалсан.

Улс, аймаг, сум орон нутгаас малчдад хандив тусламж өгсөн. НҮБ-ын ХХААБ-аас ирсэн тусламж, сум, аймгийн Засаг даргын тусламжийг огт давхардуулаагүй. Суманд мал бүхий, малчин өрх, малынх нь хэдэн хувь хорогдсон бэ гэдэг судалгаанаас үүдэж хандив тусламж харилцан адилгүй очсон.

Өнгөрсөн өвөл манай суманд өвөлжилт маш их хүндэрсэн. Одоо зуншлага сайн, өвсний гарц их байна. Сумын хэмжээнд яг одоогийн байдлаар тариалан, хадландаа гараагүй байна. Манай сум хадлангийн бэлчээр нутаг ховортой. Сүхбаатар аймагтаа хамгийн бага газар нутагтай, хүн ам, мал нь ч бага. Хадлан хадах хэмжээний отрын бүс байхгүй. Бусад сумын өвс ургамал сайн ургасан талбайгаас хадлан авдаг. Авсан тарианаас малчид худалдаж авдаг.

Сангийн аж ахуйтай байсан учраас техник тоног төхөөрөмж сайтай. Өмнө нь мал бага учраас сумынхаа хэсэг газраас хадлан аваад, сумынхаа нөөцийг бэлддэг байсан. Малын тоо толгой ихэссэн, бэлчээр талхлагдсан учраас одоо сумынхаа хэмжээний нөөц бэлдэх боломжгүй болсон” гэв.  

Доктор Г.Жигжидпүрэвийн хэлснээр, НҮБ-ын ХХААБ-ын нийт тусламжийн 40 гаруй хувь зөвхөн Сүхбаатар аймагт хуваарилагджээ.

“НҮБ-ААС ОЛГОСОН МӨНГӨН ТУСЛАМЖ, ХАНДИВЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХЭРЭГЦЭЭНДЭЭ ЗАРЦУУЛСАН”

Малчин С.Дэлгэрцэцэг:

-Ам бүл наймуулаа, нөхөр зургаан хүүхдийн хамт амьдардаг. Өнөө өвөл маш хүнд байсан. Би давхар биетэй, хүн бүл муутай, нөхөр ганцаараа шахам байсан. Хүүхдүүд дотуур байранд амьдардаг. Нэг оюутантай, дахиад нэг оюутантай болох гэж байна. Хонь, ямаа нийлсэн 400-гаад малтай байсан. Одоо 200-гаад толгой мал үлдсэн, үхэр 23 байснаас одоо гурав үлдсэн. Амьдрал баялаг юм чинь болно гэж бодож байна. Банкны зээлтэй, сум орон нутгаас дэмжлэг үзүүлсэн.

НҮБ болон бусад ирсэн тусламж, хандивыг хэрэгцээндээ зарцуулсан. Өнгөрсөн дөрвөн сард орж ирсэн мөнгөөр зээлийн хүүгээ дарсан. Охид, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн багц тусламж олгосныг авсан. Бидний амьдралд хэрэгтэй тусламж үзүүлсэнд талархаж байна.

Манай суманд бэлчээрийн даац хэтэрсэн. Малчид бид өөрсдөө бэлчээрээ хамгаалахгүй бол өөр хэн ч хамгаалахгүй. Болж өгвөл айлын мал авахгүй байх хэрэгтэй. Долоо, найман жилийн өмнө бэлчээр, ус сайтай байхад манай багийнхан өөрсдөө хадлангаа бэлддэг байсан. Одоо бэлчээрийн даац хэтэрсний улмаас гаднаас авдаг болсон. Гаднаас адуу их оруулж ирж байна. Амьдралын боломж болохгүй байна гээд мал их авч, тэжээж байна.

Манайх үлдсэн 200 толгой малаа эргэлдүүлээд болж байна. 3000 хоньтой айл яагаад эргэлдүүлж болохгүй байгаа юм бэ. Түүнд асуудал байгаа юм. 2000-ыг нь борлуулаад, 1000-ыгаа авч үлдье гэж бодож болно шүү дээ” гэв.

Түмэнцогтын малчид ирэх өвөлд эртнээс бэлдэхээр төлөвлөж буйгаа ярьсан юм. Тухайлбал, бэлчээрийн даацыг бодолцож, малаа эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна хашаа хороогоо сайтар дулаалахаа хэлж байлаа.

“НҮБ-ААС ОЛГОСОН ТУСЛАМЖ МАЛЧДЫН АМЬДРАЛД НЭМЭР БОЛСОН”

ХАА, мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхчулуун:

-Нэлээн цасан бүрхүүлтэй, хайлаад мөсөн зуд гэдэг нь болсон. Манай сумынхан хоёр сар хүртэл дажгүй байсан, сүүлдээ мал хүнгүй ядарсан. Одоо нөхцөл байдал харьцангуй сайн байна. Ноднин өвсөө татсан болохоор хавар сайхан болж, мал тарга тэвээргэ авсан. Нэг үеэ бодоход сайхан болсон. Одоо өвлийн бэлтгэл ажил эхэлж, малчид хашаа хороогоо дулаалж байна. Ер нь бэлтгэлтэй л байхгүй бол малыг ч адилхан цас дарчихдаг юм билээ.

НҮБ-аас тусламж нэлээн ирсэн. Өвс тэжээл, эрүүл мэндийн багц, гурил будаа, мөнгөн тусламж малчдад нэг удаадаа тодорхой хэмжээнд нэмэр болсон. Цаг үе хүнд, мал онд орохгүй, ноос ноолуураа авч чадахгүй байсан үед.

Ж.Энхбаяр сайд өөрөө эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг юм билээ. Хөдөөгийн малчдын төлөө түлхүү анхаарах байх гэж найдаж байна.

“МАЛЫН ЦААНА ХҮН БАЙГАА УЧРААС ХҮНЭЭ БОДСОН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛБЭЛ ОНОХ БОЛОВ УУ”

Томилолтын баг үргэлжлүүлэн Дорнод аймгийн Булган суманд ажиллалаа. Тус аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Д.Наранхүү хэлэхдээ “Манай аймгийн 11 сум өнгөрсөн өвөл цагаан зудтай байлаа. Нөхцөл байдал нэлээн хүнд, 300 гаруй мянган толгой мал хорогдсон. Ойрын хэдэн жил ийм хохирол учирсан тохиолдол гараагүй.

НҮБ-ын ХХААБ-аас манай аймгийн зургаан сумын 204 малчин өрхөд хоёр удаагийн мөнгөн тусламж үзүүллээ. Малчдад тулгамдаж байгаа асуудлаа шийдэхэд бодитой тусламж болж чадсан. Бас ахуйн хэрэглээний багц олгосон, их зүгээр санагдсан. Дээрээс нь хүнсний багц олгосон.

Бид цас зуд болохоор мал руугаа хандаад, хүнээ бүр анхаардаггүй юм байна. Малын цаана хүн байгаа тийм учраас хүнээ бодсон тусламж олговол бас нүдээ олсон тусламж болох болов уу гэж бодож байна.

Малчиддаа бид ирэх өвлийн бэлтгэлээ эртнээс базааж, хашаа хороогоо янзалж, өвс тэжээлээ бэлдэхийг сануулж байна. Хамгийн гол нь малаа сайн борлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухлыг хэлж байна” гэв.

“НИЙТ 52 МЯНГАН МАЛ ХОРОГДОЖ, МАЛГҮЙ БОЛСОН ИРГЭД ХОТ СУУРИН БАРААДАЖ БАЙНА”

Томилолт Баянтүмэн сумын малчидтай уулзсанаар үргэлжиллээ. Тус сум өнгөрсөн өвлийн зуднаар нийт малынхаа 2.8 хувийг алджээ. Баянтүмэн сумын Засаг даргын орлогч Э.Батбаяр хэлэхдээ “Жилийн эцэст манайх 251 мянган мал тоолуулсан. Нийтдээ 52 мянган мал хорогдсон. 5000 нь хойд дөрөвдүгээр баг дээр өвөлжсөн, зуд гайгүй байсан. Үлдсэн 40 гаруй мянган мал нь голын урд хоёр баг дээр өвөлжсөн. Энэ хоёр багт голдуу үхэр, хонь, ямаа хорогдсон. Адуу харьцангуй гайгүй, Халх гол, Мэнэнгийн тал руу гарчихсан.

Цөөхөн тэмээ үхсэн. Малчдын хувьд, мал нь 80-аас дээш хувийн хорогдолтой, мөн бараг малгүй болсон 7, 8 айл үлдсэн ганц нэг малаа айлд тавиад, төв рүү явсан байна. Малынхаа 50-иас дээш хувийг алдсан айлууд цөөнгүй бий.

Яваад үзэхэд, хуучин мал бэлчиж байсан газар нь малгүй, үлдсэн 70, 80 малаа нийлүүлээд, ээлжид ороод харах маягтай байна. Төв рүү орж, ажил хийж байгаа хүмүүс ч байна. Малчдын амьжиргааны гол эх үүсвэр мал болохоор нөхцөл байдал хүнд болчхож байгаа юм.

Манай сумын нийт малчин өрхийн 40-өөд хувь өрх толгойлсон эрэгтэй гэж явдаг. Эхнэрүүд нь сумын төв дээр бүртгэлтэй, амьдрал дээр гэрлэлтээ цуцлуулаагүй, сургууль соёл орохоор яах аргагүй тусдаа амьдрах шаардлагатай болсон айл өрх их байна. Багийн сургууль гэдэг зүйл байгуулж өгвөл энэ байдал арилах болов уу гэж боддог” гэв.

“МАЛЧИД ОДОО Л УХААН СУУЖ БАЙНА”

Дорнод аймгийн Чойбалсан сумын малчин иргэдтэй уулзсанаар бидний дараагийн ажил эхэллээ. НҮБ-ын томилолтын багийн гишүүд малчидтай уулзан ярилцаж, асуумж судалгаагаа авав. Сум орны удирдлагууд амралттай байгаа тул сумын ИТХ-ын дарга Ч.Ууганбаяр бидэнд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ “Чойбалсан сум 2600 гаруй хүн амтай, 823 өрхтэй, засаг захиргааны дөрвөн багтай. Хоёр жил дараалан өвөлжилт хүндэрсэн. Сүхбаатар аймагтай харьцуулахад, цагаан зудын эрсдэлдээ ороогүй ч цагаан зудархуу ангилалд байсан.

Сумын хувьд 30 гаруй мянган толгой мал хорогдсон. Өвс ургамалгүй болохоор цас хатуурдаг юм байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад, цас нь бага хэр нь цаснаас дээш өвсгүй учраас мал идэх юм байхгүй, цас маш ихээр хатуурч, зузаардаг юм байна. Энэ жил их олон мал өлдөж, хөлдөж үхсэн дээ. Малчид ч марташгүй сургамж авсан байх.

НҮБ-аас хоёр жил дараалан цаг тухайдаа тусламж ирсэн. Үр дүнгээ өгсөн. Мөнгөн тусламж, эрүүл мэндийн багц, хүүхэд, хөхүүл эхчүүдэд бичил тэжээлийн тусламж үзүүлсэнд талархаж байна.  

Малчид одоо л ухаан сууж байна. Яг үнэндээ дэлгэр цагаар аймгийн төвдөө оччихдог, мал нь тааваараа бэлчиж байгаад л ирдэг шүү дээ. Намар болонгуут гэнэт өвс хадлан гээд, байгаа малдаа тааруулаад бэлдчихээр зогсолтгүй нүдсэн цас шуурганд гурав хоног л хүрнэ.

Энэ жил өвсөө авна, хадлан тэжээлээ сайн бэлдэнэ, хивэг тэжээлээ бэлтгэнэ гэж эртнээс ярьж байна. Одоо хаширч байгаа биз. Тэр нь ч зөв байх. Ганц манай суманд гэлтгүй, олон суманд байгаа асуудал.

Чойбалсан сумын хэмжээнд 2023 оны тавдугаар сар харьцангуй хүнд байсан. Халх голд айхтар түймэр гарлаа гэсэн ч түүнийг давсан хэмжээний түймэр гарсан. 2024 онд үр дүн нь гарч байна. 40 гаруй өрхийн мал, хашаа саравч шатсан. 17 гэр шатаж, улсаас олгосон. Одоо нөхцөл байдал сайн байна. Мал хэдий ядарсан ч цасан дор байсан өвс гайгүй сайн тэжээл боллоо” гэв.

“ГОЛД НЬ ХҮЙТЭН ОРСОН МАЛ ТЭСДЭГГҮЙ ЮМ БИЛЭЭ”

Томилолтын баг бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд ирлээ. Сумын захиргааны үүдэнд орон нутгийн удирдлагуудыг хүлээх зуур бичиг баримт хөөцөлдөхөөр ирсэн малчин бүсгүй Ж.Отгонцэцэгтэй хэсэг хөөрөлдлөө.

Өглөө цаг агаар гайгүй байхаар нь хонио бэлчээрт гаргаснаас хойш гурван цагийн дараа цас нүүр нүдгүй гүвжээ. Арайхийн хонио туугаад, хотондоо ирж. Тэрбээр хэлэхдээ “Үхэр бол хэвтэр дээрээ ирээд л ойчоод ойчоод өгдөг юм билээ. Одоо яах вэ, арай ч хүнээс гуйхгүй амьдарч болж байна.

Малчид хариуцлага муугаасаа малаа алдлаа л гэдэг. Бид тэмцээд тэмцээд барахгүй байгаа юм чинь. Зуднаар нөхөр, хүүхэдтэйгээ гурвуулаа, хүн хүч муутай байсан. Адуу шуурганд явсан, дийлэхгүй, сүүлдээ бүр тавьсан. Мэнэнгийн талаар л орсон гэсэн, одоо гурван азарга адуугаа бүр олохгүй байна.

Энэ жил цас илүү хатуурсан. Мал чинь тэгтлээ дагтаршсан цасыг малтаж идэж чаддаггүй юм байна. Хорин хэдэн жил мал дээр байсан. Энэ жил ийм айхтар цас үзлээ. Өдөртөө бэлчээрт явж идчихээд, оройдоо жаахан нэмэлт өгдөг. Хөлөөрөө яваад, амаараа ирдэг учраас мал зогсоо тэжээл авдаггүй юм байна. Голд нь хүйтэн орсон мал тэсдэггүй юм билээ” хэмээн хэллээ.

“СЭМҮТ-ИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ УРЬЖ АВЧРАН ЯРИЛЦЛАГА ХИЙЛГЭСЭН, МАЛЧИД МАШ ИХ АЧ ХОЛБОГДОЛ ӨГСӨН”

 Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Алтантуяа “Анхны цас намайг шилэн трикотой байхад орсон. Аймгийн төвд жирэмсэн эх хүргэж өгөөд буцах замд нэлээн шуурсан. Манай жолооч “Эмч ээ, энэ ч хайлахааргүй цас орчхов уу” гэж хэлсэн. Тэр цас хайлаагүй байж байтал нэмээд цас орсон. Айлын дуудлагад явна, дандаа хонож өнжинө. 70 км-т 24-30 гаруй цаг явж очиж байсан. Гайгүй гэсэн газраар яваад л, 70 км газарт 100, 200 км тойроод очно. Цасанд суугаад, ухаад л, маш удаан явдаг байсан.

Бид айл эрэхгүй, ерөөсөө яндан л хайж явсан. Цас айлын гэртэй чацуу болчихсон. Би жолооч, сувилагч нартаа “Та нар минь мундаг шүү” гэж ерөөсөө хэлж чадаагүй юм. Газраа сайн мэдэж байхад хэзээ ч төөрөхгүй юм билээ.

Хэдий хүчин чадалтай, сайн машин техник байсан ч эвдрээд үнэхээр хүч мөхсөдсөн. Мянгат малтай айлууд одоо 40, 50-хан толгой малтай үлдчихсэн байна. Нүдэн дээр нь, өглөө босоход мал нь 100, 200-гаараа үхээд байхаар хүмүүс маш их хямардаг юм байна. Сүүлд бид СЭМҮТ-ийн сэтгэл зүйч урьж авчирч, ярилцлага хийлгэсэн. Иргэд маш их ач холбогдол өгсөн. “Тэдэн толгой малаа өсгөж, таргалуулаад, үнэтэй зарна гэж бодож байсан, зуднаар алдчихлаа” гээд унтахгүй бодож шаналаад, стресстсэн байна. 1600 гаруй малаас нь 40, 50 л үлдсэн гэсэн.

НҮБ-ын Хүүхдийн сангаас тусламжаар ирсэн витамин Д, бичил тэжээлийг малчин айлын хүүхдүүдэд түгээсэн. Цас ихтэй, цаг уур хүндэрч, малын ажил ихэссэн үед малчид хүүхдүүдээ анхаарч бүрэн сайн халамжилж чаддаггүй. Тиймээс энэ тусламж малчдад, хүүхдүүдэд их хэрэгтэй тусламж болсон” хэмээн ярилаа.

“ХҮҮХДИЙН БИЧИЛ ТЭЖЭЭЛИЙГ БИШИРСЭН”

 Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2-р багийн малчин Д.Нарантуяатай ярилцлаа. Тэрбээр хэлэхдээ “Зуднаар 200 гаруй хониноос 2, 300 гаруй ямаанаас 30 гаруй үлдсэн. Хороо руугаа орохоор 20, 30-аараа үхчихсэн байна. Өмнө нь хонь дарагдсан бол “Хоёулаа босгочихъё” гээд гардаг байсан. Сүүлдээ хороо руугаа орохоос ч халширдаг болсон. Тэгээд нөхөртэйгөө хоёулаа хонь, ямаагаа “хаяад”, “Үхрээ авч үлдье” гээд зүтгэсэн, цөөн тооны үхрээ авч үлдэж чадсан.

НҮБ-аас 660 мянган төгрөгийн буцалтгүй тусламж орж ирээд, түүгээрээ өвс тэжээл, хивэг овьёос авсан. Мөн охид эмэгтэйчүүдэд зориулсан багц тусламж авсан. Хүүхдэд зориулсан бичил тэжээл авсан.

Манайх ам бүл тавуулаа. 0-5 насны гурван хүүхэдтэй. Хоёр нь цэцэрлэгт, нэг нь ой гарантай. Манай хоёр настай хүүхэд хоолондоо их муу байсан. Сая зургаадугаар сард эмнэлгээс бичил тэжээл өгсөн. Хоёр сар гаруй уусан. Анх багш нь “Танай хүүхэд хоолоо идэхгүй байна” гэж хэлдэг байсан. Тэр бичил тэжээлийг өгөөд, хоолондоо маш сайн болсон.

Багш нь “Яаж хоолонд сайн болгов” гэж асуухад нь “Эмнэлгээс бичил тэжээл авч өгсөн” гэж хэлсэн. Эмч “Танай хүүхэд одоо хоол нэхээд, “Би идье” гэдэг болсон” гэж байсан. Би энэ бичил тэжээлийг хүүхдүүддээ өгөхийг ээжүүдэд зөвлөдөг. Эхний гурав хоногт баасных нь өнгө жаахан өөрчлөгдөөд, гүйлгэдэг. Үргэлжлүүлээд өгөөд байвал зүгээр болчихдог юм билээ. 

Манай дунд хүүхэд жингийн дутагдалтай байсан. Өвчинд өртөмтгий, ханиад амархан хүрнэ. Гэдэсний халдварт өвчин авчих гээд байдаг байсан. Бичил тэжээл уулгасан. Энэ бичил тэжээл их хэрэгтэй юм билээ, би үнэхээр биширсэн. Зургаан төрлийн амин дэм, 12 төрлийн эрдэс бодис агуулсан. Түрүүхэн хүүхдэдээ бичил тэжээлийг нь өгчхөөд сууж байна.

Манай өвөлжөө эндээс хоёр км-т бий. Өвлийн бэлтгэл ажлаа эртнээс хийж, НҮБ-аас дахин тусламж үзүүлбэл пүнзээ л сайхан янзалж авах төлөвлөгөөтэй байна. Үлдсэн үхэр, хонь, ямаагаа яаж ийгээд онд мэнд оруулна даа” гэсэн юм.  

“Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубын гуравдугаар ээлжийн баг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн хяналт, үнэлгээний багтай Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод ажилласнаар томилолтоо өндөрлүүлж, нийслэлийн зүг хөлгийн жолоо залж, НҮБ-ынхан Асгат сумыг зорин хөдлөв.

НҮБ МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСААР БАЙНА

НҮБ Монгол Улсад хүмүүнлэгийн нэн шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүйгээр, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг ямагт дэмжин ажилласаар ирсэн билээ.

Тэр дундаа НҮБ-ын ХХААБ нь Засгийн газар болон орон нутгийн иргэдтэй хамтран, урт хугацаанд малчин өрхүүдийн эрсдэл даах чадварыг сайжруулж, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаад гүнээ талархал илэрхийлье.

Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт эрчимжихийн хэрээр цаг уурын төлөв байдал эрс хувьсан өөрчлөгдөж, байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэн, мал аж ахуйд түшиглэсэн амьжиргаа өртөмхий, эмзэг болсоор буй. Иймд НҮБ-аас байгалийн гамшгийг даван туулах оновчтой арга барил сул малчин өрхүүдэд хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх хэрэгцээ их байгаагийн зэрэгцээ цаашид гамшгийн эрсдэл даах чадварыг нь сайжруулах тогтвортой арга туршлага нэвтрүүлэх нэн шаардлагатайг онцолсныг сурвалжилгынхаа төгсгөлд тэмдэглэе. 

Сэтгүүлч Д.ЭРДЭНЭТУЯА Гэрэл зургийг Б.БАТ-ЭРДЭНЭ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version